Нэвтрэх Бүртгүүлэх
 
''Гэр хороололд үүсч буй агаарын бохирдол, түүнийг шийдвэрлэх арга зам'' салбар хуралдаан боллоо
600x600-17420.jpg
1 сар 4 өдрийн өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

“Гэр хороололд үүсч буй агаарын бохирдол, түүнийг шийдвэрлэх арга зам” салбар хуралдаан боллоо

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, БОАЖЯ, ЭМЯ, Эрчим хүчний яам, Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулах гэж байна.


Энэ ажлын хүрээнд 3 удаа салбар хуралдаан, хэлэлцүүлэг хийх юм. Эдгээрийн эхнийх нь болох “Гэр хороололд үүсч буй агаарын бохирдол, түүнийг шийдвэрлэх арга зам” салбар хуралдаан өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо.


Салбар хуралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот, хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Пүрэвдаваа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул нар хөтлөн явуулав.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Пүрэвдаваа хуралдааныг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах нь Монгол Улсын иргэн бүрийн үндсэн эрх байдаг билээ. Уг эрхийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн Х.Баттулгын санаачилгаар Агаарын бохирдлыг бууруулах, төвлөрлийг сааруулах шийдлийг хамтран хэлэлцэх, шаардлагатай арга хэмжээний санал зөвлөмжийг боловсруулж шийдвэрлүүлэх зорилготой Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулганыг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Төрийн ордны Их танхимд зохион байгуулах гэж байна.


Уг арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, БОАЖЯ, ЭМЯ, Эрчим хүчний яам, Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, ТББ-ууд, олон нийтийн оролцоотойгоор зохион байгуулна. Өнөөдөр “Гэр хороололд үүсч буй агаарын бохирдол, түүнийг шийдвэрлэх арга зам” салбар хуралдаан болж байна. Маргааш “Тээврийн хэрэгсэл, орчны бохирдлоос үүсч буй агаарын бохирдол, түүнийг шийдвэрлэх арга зам”, баасан гаригт “Төвлөрлийг сааруулах, түүнийг шийдвэрлэх арга зам” гэсэн 3 салбар хуралдааныг зохион байгуулна.  


Улаанбаатар хотын гэр хорооллын өрхүүдийн хэрэглэж буй түүхий нүүрсний хэрэглээ нь агаарын бохирдлын 80 орчим хувийг эзэлж байна. Статистик мэдээг дурдвал 2017 оны байдлаар Улаанбаатарт 380 орчим мянган айл өрх амьдардгаас 166 мянган өрх гэр бүл буюу 33,6 хувь нь төвлөрсөн дулааны системд холбогдсон, 201 мянган өрх буюу 52,8 хувь нь ердийн галлагаа, 9900 өрх буюу 2,6 хувь нь нам даралтын зуух, 3800 өрх буюу 0,99 хувь нь цахилгаан халаагуур ашиглаж байна.


Агаарын бохирдолд санаа зовнидог, энэ чиглэлд сэтгэл зүрхээ зориулж үйл ажиллагаа эрхлэгчид, эрдэмтэн судлаачид та бүгд тулгамдаж буй асуудал, бэрхшээл, өнөөгийн нөхцөл байдлыг бодитой үнэлж, цаашид шийдвэрлэх арга замыг хэлэлцэн ажлын уялдаа холбоогоо бэхжүүлэхэд чухал ач холбоглолтой арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлсэн үгэндээ нийслэл хотынхон Монгол Улсын ДНБ-ний 65,4 хувийг бүтээж, аж ахуйн нэгжүүдийн 70 хувь, их дээд сургуулийн 95 хувь төвлөрдөг. Улсын ачааллын 80 хувийг үүрдэг Улаанбаатарт нийт сургууль, цэцэрлэгийн 29-хөн хувь ногддог гэлээ. Нийслэлийн агаарын бохирдлын 80 хувь нь гэр хорооллоос, 10 хувь нь тээврийн хэрэгслээс, 6 хувь нь Дулааны цахилгаан станцууд, нам даралтын зуухнаас, 4 хувь нь шороо тоос, хөрсний бохирдлоос үүсдэг юм байна. Иймд нийслэлийн гэр хорооллыг одоо байгаагаас нэмж тэлэхгүй, нийслэлд хөдөө орон нутгаас шилжин ирэгсдийн тоог хязгаарлаж, зөвхөн стандартад заасан зуух борлуулах, гэр хорооллын шөнийн цахилгааны тарифыг тэглэх, цахилгаан халаагуурыг дэмжих, гэр хорооллыг дахин төлөвлөж барилгажуулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж буйг  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэллээ.


Хэлэлцүүлгийн үеэр “Гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдлын өнөөгийн байдал, түүнийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, шийдвэрлэх арга зам”, “Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагаа”, “Гэр хорооллын агаарын бохирдол эх хүүхдийн эрүүл мэндэд”, “Гэр хорооллын хэрэглэгчдийн орой, шөнийн тарифт хөнгөлөлт үзүүлэх тухай”, “Гэр хорооллын агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоо” зэрэг сэдвээр илтгэл сонсч хэлэлцүүлэг өрнүүллээ.


Илтгэгчид гэр хорооллыг цахилгаан халаалтад шилжүүлэх, орой, шөнийн тарифт хөнгөлөлт үзүүлэх, халаалтын зуухтай зарим томоохон хэрэглэгчийг төвлөрсөн дулаанд холбох, жижиг галлах системд тоосны шүүлтүүр хийх зэрэг аргуудын талаар тайлбарлан ярьцгаав.

01.jpg


 
Сэтгэгдэлүүд (0)
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.