Нэвтрэх Бүртгүүлэх
 
Эд Жэйгэр: Гишүүн орны хувьд Монголыг оувс-тай хамтрах болсонд баяртай байна
25cd07_Ed_Jager_Hi-Res_Photo_x800-17240.jpg
1 сар 6 өдрийн өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

Эд Жэйгэр: Гишүүн орны хувьд Монголыг оувс-тай хамтрах болсонд баяртай байна



Канад Улсаас Монгол Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Эд Жэйгэртэй ярилцлаа.

 

 

-Та Монголд ирээд хэр удна вэ?



-2015 оны хоёрдугаар сард ирсэн. Аль хэдийнэ хоёр жил болсон байна шүү.



-Сүүлийн жилүүдэд Монгол, Канад хоёр улс аль салбарт голчлон хамтран ажиллаж байна вэ?



-Манай хоёр орон олон салбарт,  тэр тусмаа эдийн засгийн салбарт түлхүү хамтран ажиллаж байна. Монгол, Канад хоёр улс 1973 онд дипломат харилцаа тогтоосон. Дипломат харилцаа тогтоосон эхний жилүүдэд хоёр улсын харилцаа тийм ч идэвхтэй  байгаагүй. Харин 1990-ээд оны эхэн үед буюу Монгол Улс ардчилсан орон болсны дараагаас идэвхжиж эхэлсэн ч хоёр оронд аль алинд нь  Элчин сайдын яам байгаагүй учир  Бээжин дэх Канадын Элчин сайдын яамаар дамжуулан албан тушаалтнуудыг хоёр улсад  айлчлах нөхцөлийг хангаж өгдөг байсан. 



Монгол Улсад  ардчлалыг бэхжүүлэх, хөгжүүлэхэд нь багагүй тусалж, дэмжиж байсан. Түүнээс гадна хүний эрхийг хамгаалахад, ардчилсан систем амжилттай хөгжихэд дэмжиж ажилласан. 1997 онд анх жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих Канад сангийн орон нутгийн санаачилга хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Уг төсөл хэрэгжиж эхэлснээс хойш өнөөг хүртэлх хугацаанд 430 гаруй төслийг амжилттай хэрэгжүүлээд байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд бид Монголын Засгийн газрын болон хувийн хэвшлийн олон байгууллага, хоршоодтой хамтран ажилласан.Эдгээр төслийн онцлог нь  эмзэг бүлгийн  болон эмэгтэйчүүд,  ядуу буурай, эрх нь зөрчигдсөн хүмүүст хүрч ажилласан явдал юм. Бид энэ жилийн төслийн уралдаанаа зарласан. Мэдээж эдгээр төслүүдээс гадна олон салбарт чухал арга хэмжээнүүдийг явуулсаар ирсэн. Хоёр улсын хамтран ажилладаг хамгийн чухал салбарын нэг нь уул уурхай. Канадын уул уурхайн салбар  олон жилийн түүхтэй. Манай улс уул уурхайн салбарын тогтвортой байдлыг хангахыг хичээж ажилладаг. Тиймээс бид энэ салбараас хуримтлуулсан туршлагаа Монгол Улстай хуваалцахдаа таатай байдаг. Канад болон Монгол Улс хувийн болон олон нийтийн гэсэн хоёр салбарт хамтран ажиллаж байна. Хувийн хэвшил гэдэгт нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Канадын компаниудыг нэрлэж болно. Монголын хамгийн том компани болох “Оюутолгой” компани Канад Улстай хамтран үйл ажиллагаа явуулж байгаа.  Түүнчлэн Засгийн газар хоорондын хамтын ажиллагааг сайжруулахад бид анхаарч байна. Жишээ нь Канадын уул уурхайн салбарын туршлагатай инженерүүдийг Монголд урьж ажиллуулж байна. Ашигт малтмал,газрын тосны газартай хамтарч хууль эрхзүйн орчныг сайжруулахад анхаарч ажиллаж байна.Мэдээж зөвхөн уул уурхай  манай хоёр орны хамтран ажиллаж буй цорын ганц  салбар биш.  Канад Улс нь хөдөө аж ахуй салбарын олон жилийн туршлагатай орнуудын нэг. Тиймээс  Саскачеван мужийн их сургууль Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуультай хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж, хамтарч ажиллаж байгаа. Уг хамтын ажиллагааны хүрээнд Канадын багш, эрдэмтэн судлаачдыг Монголд урьж авчран харилцан нэг нэгнээсээ суралцахад анхаардаг. Монгол Улстай хамтарч ажилладаг Канад компаниуд байгальд ээлтэй тоног төхөөрөмжийг хамтран ажиллаж буй талдаа санал болгодог.  Хөдөө аж ахуйн салбарт шинэ техник, технологийг нэвтрүүлэхээр зорьж байгаа.  Монголчуудын олонх нь Канад, Монголын харилцааг зөвхөн уул уурхай, хөдөө аж ахуйгаар төсөөлдөг. Гэхдээ хоёр улс дээр дурдсан салбараас гадна санхүүгийн салбарт хамтарч ажиллаж байгаа. Жил гаруйн өмнө Канадын Үндэсний банк Монголын Хасбанкны 10 гаруй хувийг эзэмшдэг болсон. Өнгөрсөн хугацаанд Канадын Үндэсний банк болон Хасбанкны хооронд харилцан эерэг хамтын ажиллагаа өрнөж байгаа. Хамтын ажиллагааны хувьд маш олон салбарыг дурдаж болох байх.



-Монголд Канадын хөрөнгө оруулалтай хэчнээн компани үйл ажиллагаа явуулж байна вэ?



-Яг тодорхой хэлж мэдэхгүй байна.



-Канад Улс гаднын хөрөнгө оруулалтыг маш ихээр татдаг орнуудын нэг.  Аль  салбар нь гаднын хөрөнгө оруулалтыг ихээр татдаг вэ?



-Гаднын хөрөнгө оруулалт нь зөвхөн дотоод эдийн засгийг дэмжээд зогсохгүй, олон улсын хэмжээнд хүчирхэг орон болж оршин тогтнох үндсийг бий болгодог. Канад Улс  өнгөрсөн 50-100 жилийн хугацаанд гаднын хөрөнгө оруулалтаасаа маш ихээр татсан. Манай улсад  маш олон гаднын компаниуд үйл ажиллагаа явуулдаг. Түүнчлэн манай улс дотооддоо хийж буй хөрөнгө оруулалтаас хэд хэд дахин их хөрөнгө оруулалтыг гадаад улс  орнуудад хийдэг. Хөрөнгө оруулалтыг амжилттай татаж чадсанаар Канад Улсын эдийн засаг өсөөд зогсохгүй, гаднын улс орнуудад хөрөнгө оруулахад түлхэц болсон болов уу гэж би бодож байна. Монгол Улстай хамтран олон жилийн яриа, хэлэлцээрийн дүнд баталж чадсан гэрээ, хэлэлцээр нь “Хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалж, хөхиүлэн дэмжих” хэлэлцээр. Энэхүү хэлэлцээрийг өнгөрсөн оны есдүгээр сард хоёр улсын Засгийн газар хэлэлцээрийг байгуулж, өнгөрсөн гуравдугаар сараад хэрэгжүүлж эхэлсэн. Уг хэлэлцээрийн  үр дүнд Монгол Улс Канадаас илүү их хөрөнгө оруулалт татаад зогсохгүй, бусад хөрөнгө орны хөрөнгө оруулалтыг хүлээн авахад бэлэн гэдгээ илэрхийлэх нэг боломж болно гэж харж байна.



-Хоёр улс уул уурхайн салбараас гадна ямар салбарт хамтран ажиллах боломжтой вэ?



-Уул уурхай, олборлолтын салбарт Канад Улс дэлхийд дээгүүрт орох арвин туршлага, хөрөнгө оруулалт хийдэг орнуудын нэг. Цаашдаа ч гэсэн Канад, Монгол хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд уул уурхайн салбар маш том байр суурь эзэлсээр байна.  Үүнээс гадна цор ганц худалдааны салбарт ч гэлтгүй байгаль орчинд ээлтэй бүтээн байгуулалтын чиглэлээр Канад Улс Монголтой хамтарч ажиллах сонирхолтой. Эргээд худалдааны талаас харвал Канад Улс Монгол Улстай хөдөө аж ахуйн салбар дээр хамтарч болно.  Үүнээс гадна хүйтэн нөхцөлд барилга байгууламж барих, дэд бүтэц гэх мэт салбаруудад хамтран ажиллах бүрэн боломж харагддаг. Өөр нэг чухал зүйл бол Канад Улс Монголд хөгжиж буй ардчиллаар бахархдаг. Нэг талдаа Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлэх болон үйлдвэрлэх хүсэлтэй байгаа. Харин Монголын эдийн засгийн гол цөм нь өөрөө байнга хөдөлгөөнтэй, эргэж байхгүй л бол бусад салбарыг хамт авч явахад маш хэцүү. Бодит байдал  уул уурхайн салбар Монгол Улсад их хэмжээний ашиг, хөрөнгө оруулалт авчирч, олон хүмүүсийг ажлын байраар хангаж байна. Үүн дээр тулгаарлаж цааш явах нь зүйтэй байх. Дэлхийн бараа бүтээгдэхүүний зах зээл өөрчлөгдөхөөс нааш одоогийн нөхцөл байдал өөрчлөгдөхгүй болов уу. Гэсэн хэдий ч тэр цаг иртэл Канад, Монгол хоёр улс боломжтой салбарууд дээрээ хамтран ажилласаар байх болно. Монгол Улс богино хугацаанд гэхээсээ илүү урт хугацааны алсыг харсан бодлого барьж  чадвал илүү хөгжиж, ашиг олох боломж нээгдэнэ. Хэрэв хэн нэгэн хүн салбар хамаарахгүйгээр Монгол Улсад ажиллахаар болбол дундаас урт хугацааны туршид л ашиг олох боломжтой. Харин богино хугацаанд их мөнгө хийнэ гэж бодож байвал Монгол Улс тохиромжгүй орон.



-Яг одоогийн байдлаар хоёр орны Засгийн газрын хооронд ямар төсөл, хэлэлцээ яригдаж байгаа вэ?



-Хоёр улсын Засгийн газар зөвхөн уул уурхай гэлтгүй олон салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг хичээж байгаа. Яг одоогийн байдлаар Монгол Улсын жижиг дунд үйлдвэрлэл, нөхөрлөлүүдтэй Канадын талынхан хамтарч ажиллаж байна. Жижиг дунд үйлдвэрлэл улсын хөгжилд томоохон нөлөө үзүүлдэг. Би заавал цаасан дээр гарын үсэг зурахыг чухалчилдаггүй. Хамгийн чухал нь хүмүүсийн хоорондын харилцаа буюу нэг нэгнээсээ суралцах нь чухал. Гэхдээ бодит байдал дээр тахиа анхдагч уу, өндөг анхдагч уу гэдэг шиг асуудал бий болдог. Тэгэхээр бодит байдал ямар байгааг судалж үзэх хэрэгтэй. Хувийн хэвшлийнхний хамтын ажиллагааг өндөг гэж үзвэл Монгол Улсын Олон улсын валютын сантай байгуулсан гэрээг тахиа гэж үзэж болно. Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн зорилго нь эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгох, төсвийн хүндрэлийг даван туулах, эдийн засгийн хөгжлийг тогтвортой хэмжээнд барих юм. Монгол Улсын эдийн засаг хэдийчинээ өсөлттэй байна, төдийчинээ хөрш орнуудаасаа хамааралгүй болно. Монгол Улс өөрөө зам болон орон сууцаа барих чадвартай болох юм. Тэр үед Канадаас  барилгын материал худалдан авах нөхцөл бүрдэнэ. Саяны жишээ бодит болоход аль нэг улсын Засгийн газар Монгол Улсад хандив болон хөнгөлөлттэй зээл тусламж үзүүлэхээс гадна хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал нөлөө үзүүлнэ. Монгол Улсын эдийн засгийг тогтворжуулахад ямар нэгэн түлхэц, хүч зайлшгүй шаардлагатай. Энэ үед Олон улсын валютын сантай хамтарч ажиллаж буй нь сайн хэрэг. Олон улсын валютын санд эгнээндээ дэлхийн бараг бүх улс орныг багтаасан дэлхийн толгой байгууллагуудын нэг. Канад Улс энэ байгууллагын чухал гишүүн орны тоонд тооцогддог.  Олон улсын валютын сангийн хөтөлбөр Монгол Улсад хэрэгжинэ гэдэг нь энэ сангийн бүх гишүүн орнууд танай улсад тусалж байна гэсэн үг.  Олон улсын валютын сангийн хөтөлбөр Монгол Улсад амжилттай хэрэгжээсэй гэж хүсч байна. Учир нь гишүүн орны хувьд бидний мөнгө ч гэсэн явж байгаа. Хамгийн чухал нь Монгол Улс цаашид улам бүр хөгжиж, эдийн засгийн хүндхэн байдлаасаа гарах нь чухал юм.



-Хоёр улс дипломат харилцаа тогтоогоод 45 жил болж байна. Элчин сайдын хувьд хоёр улсын цаашдын харилцааг хэрхэн харж байна вэ?



-Мэдээж хоёр улсын харилцаа цаашид улам батжина гэж би хувьдаа бодож байна. Манай хоёр улс дэлхийн бөмбөрцгийн хоёр талд байрладаг, аль аль нь цөөхөн хүн амтай. Тиймээс хоёр орны бие биедээ  үзүүлэх тусламж, дэмжлэг хамтын ажиллагаа  өрнүүн байх болно гэдэгт итгэж байна.



-Монгол Улсад Канадын Элчин сайдын яам байдаг атлаа яаман дээрээ визний мэдүүлэг авдаггүй нь олон хүний анхаарлыг татаж байгаа байх?



-Зарим улс орнууд заавал Элчин сайдын яамаараа дамжуулалгүй визний асуудлыг шийдэх аргыг ашигладаг. Цөөхөн хүн ажилладаг Элчин сайдын яамаар дамжуулж визний мэдүүлэг  авахаас илүүтэйгээр визний төвөөр хандан визний асуудлыг шийдэх нь  цаг болон зардал хэмнэсэн арга юм. Тиймээс ч Улаанбаатар хотод виз мэдүүлгийн төв ажиллаж эхэлсэн. Энэ  төвийг нээгдэхээс өмнө монголчууд Бээжин дэх виз мэдүүлгийн төвөөр дамжуулж виз мэдүүлдэг байсан бол одоо Улаанбаатар хотод визний материалаа өгөх боломжтой. Олон орон энэ туршлагыг хэрэгжүүлдэг.  Австрали, Их Британи зэрэг орнуудыг дурдаж болох юм. Визний мэдүүлгийг Улаанбаатар хотод хурааж аваад Бээжин рүү явуулдаг ч эцсийн мөчид виз олгох эсэхийг Канадын визний асуудал хариуцсан албаны ажилтнууд шийднэ.  Тухайн виз мэдүүлсэн хүнд хоёр долоо хоног тогтмол  хариугаа өгдөг.



-Канад Улс Монголоос юу экспортлох сонирхолтой байдаг вэ?



-Уул уурхай төдийгүй бусад салбаруудаа  хөгжүүлж чадсанаар дэлхийн бүхий л улсад бүтээгдэхүүний экспортлох бүрэн боломжтой. Комьютер болон программ хангамжийн чиглэлээ хөгжүүлэх бүрэн боломж Монгол Улсад бий. Монгол Улсын Засгийн газар уламжлалт салбаруудаа анхааран ажиллахаас гадна хойч залуу үеэ дэмжиж, техник технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаасай гэж хүсч байна. Монголд амьдарсан хоёр жилийн хугацаанд монголчууд шинийг илэрхийлэгч, хичээнгүй ард түмэн гэдгийг ажигласан.  Монгол Улсын улс төрийн нөхцөл байдал тогтворжиж, авлигын асуудлаа цэгцэлж чадвал олон улсын талбарт өрсөлдөхүйц орон болж чадна. Бүх нөөц бололцоо Монголд байгаа.  Энэ зун миний томилолтын хугацаа дуусч нутаг буцна.  Гэхдээ Монгол Улсын талаархи нийтлэл мэдээллийг цаашид уншсаар байх болно.


Ц.ДАВААСАМБУУ



 
Сэтгэгдэлүүд (0)
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.