Нэвтрэх Бүртгүүлэх
 
Д.Мягмарсүрэн: Театрт нэг орсон хүн гарч чаддаггүй юм
916a37274c23e56ba86e597aa9ad66ec28032016111113-17156.jpg
1 жил 5 сарын өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

Д.Мягмарсүрэн: Театрт нэг орсон хүн гарч чаддаггүй юм



Театрын урлагийн төлөө зүтгэсэн 47 жилийн хөдөлмөрөө урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор мялаалгасан энэ эрхмийг Д.Мягмарсүрэн гэдэг. Гавьяат жүжигчин Ө.Рэнцэнноровоор хөтлүүлэн театрын босго алхаж байсан тэрбээр Жижиг хэрэглэлийн эрхлэгчээр тасралтгүй 43 жил ажиллажээ.

 

 

-Урлагийн ариун сүм гэгддэг энэ театртай та амьдралаа холбоод 40 гаруй жилийг үджээ. Таныг театрт хөтлөн оруулсан хүн гавьяат жүжигчин Ө.Рэнцэнноров гуай гэж сонссон.



-Монгол Улсын гавьяат жүжигчин Ө.Рэнцэнноров эгч “Би чамайг их гоё газар оруулна. Насаараа чи энд ажиллана” гэж хэлж 1970 оны аравдугаар сард намайг Драмын театрт оруулж байсан. Түүний хэлснээр нээрээ л би эндээ насаараа ажиллалаа. Анх заалны зохион байгуулагчаар ажилд орж, хоёр жил ажиллаад 1973 оны гуравдугаар сард Жижиг хэрэглэлийн тасагт шилжсэн.



Эрэгтэй хувцасны эрхлэгч С.Цэрэнханд гэж сайхан эмэгтэйн туслах ажилтнаар орж гурван сар ажилласны дараа 1973 оны аравдугаар сараас өнөөдрийг хүртэл Жижиг хэрэглэлийн эрхлэгчээр ажиллаж байна.  Миний амьдралд таарсан, учирсан олон сайхан хүн хорвоогийн жамаар бурхны оронд одсон. Тэднийг  театрын хамт олон минь нөхөж, өдий дайтай, ариун сүмдээ байлгадагт нь сэтгэл хангалуун байдаг.

 

 

-Таныг театрт орж байхад алтан үеийн гэгддэг уран бүтээлчид бүгд байсан уу?



-Бүгд байсан. Би жинхэнэ одуудтай ажиллаж байснаараа бахархдаг. Намайг орж ирэхэд ардын жүжигчин Г.Гомбосүрэн, Д.Ичинхорлоо, Т.Ханд-сүрэн, Т.Цэвээнжав, Д.Дамдинсүрэн, Б.Мижиддорж, Б.Лоовой, Л.Лувсан, Д.Байды гээд үнэн сайхан хүмүүс байсан. Тэр хүмүүсээс мэдэхгүй олон зүйлээ мэдэж авсан даа. 47 жил ажиллахад дээд сургууль төгссөнтэй тэнцэхүйц урлагийн мэдлэгтэй болсон байх гэж өөрийгөө боддог. Залуучууд нь Б.Цэрэнпагма, Б.Цэцэгбалжид, Б.Тунгалаг гээд залуухан охид байлаа. Уран сайхны удирдагч, Намын үүрийн дарга Н.Сувд Марксизм, Ленинизмийн оройн дээд сургуульд бүгдийг нь явуулна. 



-Алтан үеийн сайхан уран бүтээлчдийн тухай ярих хүн ховор болжээ. Хамт ажиллаж байсны хувьд тэр сайхан бүсгүйчүүдийн талаар хуучлахгүй юу?



-Д.Ичинхорлоо гуай үнэндээ гоё эмэгтэй байсан. Араас нь харахад арван наймт шиг л. Өндөр нуруутай болохоор дээл их гоё зохино. 120 мянгатад гэр нь байсан байх. Миний санахын гүүр даваад л явдаг байсан. Т.Цэвээнжав гуай манайх хоёр “Ард” кино театрын хажууд байдаг. Хошуугаа унжуулаад ганцаараа юм яриад явдаг. Юу яриад явдаг юм бол доо гэхээр дүрээ л давтаж явдаг. Т.Хандсүрэн эгч хатуу чанга юм шиг хэрнээ, буулт нь их зөөлхөн, сайхан. Ийм сайхан хүмүүсийн дунд ажиллаж байсан болохоор “Театрт зовж, өлсөж, цангаж байна” гэж байгаагүй. Ер нь манай ахмадууд залуучуудаа их халамжлан хүмүүжүүлдэг байсан. Энэ жүжигчин, энэ тайзны ажилтан гэж хэзээ ч ялгадаггүй. Ардын жүжигчин Д.Мэндбаяр, Ж.Лхамхүү, С.Сэлэнгэ нар тайз гэрлийн залуучуудыг батлан дааж авдаг. Болохгүй бол зөвлөнө. Тухайн үеийн манай тайзны залуучууд уран бүтээлчидтэйгээ адилхан их гоё ганган хүүхдүүд байсан.

 


-“Урлагийн гавьяат зүтгэлтэн боллоо” гэж Ерөнхийлөгчийн Тамгын газраас утасдаж баяр хүргэхэд танд юу бодогдож байв?



-Ерөнхийлөгчийн Тамгын газ-раас арванхоёрдугаар сарын 26-ны 22.00 цагийн үед над руу ярьсан. “Мягмарсүрэн гуай танд баяр хүргэе. Урлагийн гавьяат зүтгэлтэн боллоо. Чингисийн хөшөөтэй талаас ирнэ шүү. Биеийнхээ байцаалттай ирээрэй” гэсэн. Хоёр гурван удаа “Би юу даа” л гэсэн. Театраас надад хэлээгүй болохоор тоглоод байгаа юм шиг л санагдсан. Тэр шөнөө нойргүй хонолоо. Маргааш нь ажил дээрээ ирээд тооллогоо хийх гэсэн нэг л тогтож суудаггүй. Хүүдээ хэлтэл надаас илүү баярлаж байна. Үсчин орж үсээ будуулаад харьж байтал театрын дарга Д.Цэрэнсамбуу утасдаж баяр хүргэсэн. Тэгэхэд л нэг санаа амарсан. Хүнд их л сонин санагддаг юм билээ. Маргааш нь Ерөнхийлөгчөөс шагналаа авсан. Миний нэрийг дуудангуут очоод гар барьлаа. Шагнал гардуулахдаа “Та театртаа ажиллаж байгаа юу” гэж асуусан. “47 дахь жилдээ орж байна” гэхэд “За ажлаа сайн хийгээрэй” гэсэн. Энэ үед надад Ерөнхийлөгч надад их дулаахан хүн шиг санагдаж, нэг их урт амьсгаа авч тайвширсан даа.

 


-Та театрын арын албаныхнаас 35 жилийн дараа гавьяат авсан гэсэн байх аа?



-1981 онд машинист С.Доржсүрэн гавьяат авснаас хойш манай хэлтсийнхнээс энэ шагналыг аваагүй байсан.  Миний хувьд хэлтсийнхээ тав дахь гавьяат болж байна. Манай Үйлдвэрлэл, техникийн хэлтсээс барималч Д.Гүрдорж, гэрлийн инженер З.Цэвэгдорж, тайзны машинист С.Доржсүрэн, зураач Ц.Доржпалам нар урлагийн гавьяат цол хүртсэн. Энэ шагналыг хүртэж байгаа нь театрын хамт олны минь л буян. Үе үеийн сайхан хүмүүсийн буян над дээр шингэж энэ шагналыг авч дээ гэж бодож сууна.

 


-Театрынхан уран бүтээлчдээсээ эхлээд арын албаныхан нь хүртэл театртаа зүрх сэтгэлээ бүрэн өгсөн байдаг. Театрын соронз мэт татдаг зүйл нь юу байдаг юм бол? 



-Энэ ягаан байшин Драмын  театрынхны хоёр дахь гэр бүл нь болсон газар. Дуртай ажил, дуртай зүйлээ хийж байгаа учраас үүнээсээ бүгд л таашаал авдаг. Өглөө хүүхдэдээ уурлаж уцаарлах юм байдаг ч театр ирээд мартчихна. Биднийг нэгтгэж, театрын маань татаж байдаг зүйл нь хамт олны минь сайхан сэтгэл гэж боддог. Ер нь театрт нэг орсон хүн гарч чаддаггүй юм. Зүрх сэтгэлээ театрт өгсөн л бол ямар ч хүн гарч чаддаггүй. Хоргодоод байдаг, цаанаас нь нэг зүйл татаад байдаг. Хэцүү үе театрт байсан уу гэвэл байсан. Г.Доржсамбуу дарга театрыг авахдаа бүх зүйлийг шинээр эхлүүлж байсан. Зах зээлийн ороо бусгаа цаг үед ажилчдынхаа цалинг тавьж дийлэхгүй ойгоор ирсэн бэлэгний хивс, зурагтаа зарж байсан. Тийм үед ч театраасаа гаръя гэж боддоггүй л байсан.

 


-Таны өрөөний ханан дахь жүжгийн зурагт хуудсууд хэдэн оны жүжгээс эхэлж байна вэ?



-1980-аад оноос одоог хүртэлх бүхий л жүжгийн зурагт хуудас бий. Яагаад ч юм би жүжгийн зурагт хуудас цуглуулах дуртай. 1954 оны “Гэр бүл”, 1961 оны “Хөхөө Намжил”, “Тэмцэл”, “Инжгүй хүүхэн”, “Найрын ширээний ууц”, “Чи хэн бэ”, “Үгүйлэгдсэн хайр” “Эдип хаан” гээд жүжгийн зурагт хуудас надад бий.



-Театрын өрөө болгон  түүхтэй байдаг. Одоо ажилаж байгаа энэ өрөө ч өөрийн түүхтэй байх?



-Би нэг зүйлийг их бэлгэшээдэг юм. Миний одоо энэ ажиллаж байгаа өрөөнд гавьяат жүжигчин Ё.Шаравдоо 1963-1964 онд ажиллаж байсан. Түүний дараа Толя гээд залуу 10 жил ажилласан. Би дараа нь авсан. Өнгөрсөн жил авчирч жүжиг үзүүлсэн. “40 жил болсон байхад өрөө минь яг хэвээрээ байна. 20 насандаа эргээд оччихсон юм шиг боллоо” гэж байсан. Театрт түүх өгүүлсэн өрөө олон бий. Уншлагаа хийдэг, хуралддаг, баяраа тэмдэглэдэг 17 номерийн өрөө бүр ч их түүхтэй.

 


-Драмын театр хэзээнээсээ сайхан бүсгүйчүүдтэйгээрээ алдартай. Дэргэд нь байгаад байхаар гоё ганган явмаар санагдана биз?



-Гоё явахыг л бодно. Ер нь театрын халуун тогоонд ажиллаж байсан хүмүүс муу явдаггүй юм. Муухай явдаггүй юм. Бас муу юманд орооцолддоггүй юм. Яагаад гэвэл энэ сайхан хүмүүстэй хамт байгаад ирэхээр нүд нь нээгддэг. Б.Цэцэгбалжид, Б.Цэрэнпагма, Б.Тунгалаг гээд үнэндээ сайхан хүүхэн олон байсан. Бушуухан ажлаа хийж дуусгаад, хоёрдугаар давхарт болдог нийтийн бүжигт орно. Ардын жүжигчин Д.Мэндбаярыг хараад ангайгаад зогсчихдог. “Ямар гоё хүүхэн бэ яасан сайхан юм” гээд л хараад зогсоно. “Эр хүн байсан бол Дагвад би мөн ч их зодуулах байсан даа” гэхээр Мэндээ хөхөрдөг юм. Залуу байхад их л өөдрөг байсан. Тоглолт тарчихаад гэртээ харихгүй бүжгэнд ороод энэ  театрт л байвал хамаг ажил бүтсэн юм шиг байдаг байлаа.

 


-Театрын тайзнаа тавигдсан жүжгүүдээс таны сэтгэлээс гар-даггүй нь гэвэл та алийг хэлэх вэ?



-Би “Инжгүй хүүхэн” жүжигт их дуртай. Д.Гантөмөр ахын тоглож байгаа, биеэ авч явж байгаа нь их гоё. Н.Сувдын залуу байсан үе миний сэтгэлээс ер гардаггүй. Театрт ороогүй байхдаа зорьж ирж уйлж суугаад үздэг жүжиг минь “Баян барлагийнхан”. Хамгийн урд талын суудалд сууж байгаад л үзнэ. Офеллияд Н.Сувдын тоглодог “Гамлет”, 1996 оны О.Гэрэлсүх, И.Одончимэгтэй “Ромео Жульетта” үнэн гоё. Н.Наранбаатарын найруулсан жүжгийн 90 хувь нь үзэгчдээ алддаггүй. Пара одоо найруулагчаараа ажиллаж байгаа ч түүний тоглосон жүжиг нь одоо ч нүдэнд харагддаг шүү. Гурван ардын жүжигчин П.Цэрэндагва, Г.Мягмарнаран, Н.Сувдын “Хунгийн дуу” бас гоё.

 


-Танай хүүхдүүд, ач зээгээс тань урлагийн хүн бий юү?



-Уг нь театрт орохдоо араасаа ийм олон хүн дагуулна гэж бодоогүй юм. Би өөрөө л урлагт орвол болоо гэж бодож байтал олон хүн дагуулчихдаг юм байна. Манай хүү дууны техникч Батсайхан гээд залуу бий. Миний дүү Ганхуяг дууны найруулагч хийж байна. Бас ач минь Үндэсний урлагийн их театрт бүжигчин Билгүүн гэж хүү бий.

 


-Хамгийн олон жилийн түүхтэй жижиг хэрэглэл хэдэн "настай" байна вэ?



-1950-аад оны үеийн жүжгийн жижиг хэрэглэл байна. Урлагийн гавьяат зүтгэлтэн Гүрдорж гэж сайхан барималч байсан. Тэр хүний хийж үлдээсэн зүйл театрт түүх болж байна. Би ч сайн хадгалдаг. Тоглолтод өгч эвдүүлмээргүй санагддаг юм. Жүжигт хэрэглэх жимс, талх, ул боов гээд бүгдийг нь хийдэг байсан. Торго их ховор байх үед даавуун дээр хээ оёод торго шиг болгоод торгон дээл хийгээд тоглолтдоо ашиглаж байсан гэсэн.

 


-Таны гавьяаныхаа амралтад гарах цаг хэдийнэ болсон ч найдвартай хүнд хүлээлгэж өгөх гээд л хүлээгээд байна уу?



-Би энэ тасгийг 40 гаруй жил аваад явчихжээ. Одоо юу бодож байна вэ гэхээр өнөө маргаашийг өнгөрөөсөн биш,  үнэн сэтгэлээрээ хийе гэсэн хүн л энд хэрэгтэй. Байгаа юмыг нь эвдчихгүй тордоод аваад явчихдаг хүнд л ажлаа өгмөөр байна. Энэ жил тэтгэвэртээ сууя гэсэн, гэрээ хийчихлээ. 40 гаруй жил энэ ажлыг ганцаараа хийсэн ч одоо ядрах гээд байдаг болсон байна. Тайзан дээр ажилладаг 10 хүүхэд бий. Энэ  хүүхдүүд туслаагүй бол энэ их зүйлийг би ганцаараа хийж чадахгүй. Надад байхгүй юм байхгүй. Буу зэвсэг, бурхан тахил, шүдэнзний хайрцаг гээд их зүйл бий. Над шиг 40-өөд жил аваад явахгүй юм аа гэхэд 10 жил хийчих хүн хэрэгтэй. Гэхдээ би  гэртээ амраад суувал өвдчихдөг гэмтэй. Театр дээрээ л байвал жаргалтай.

 


-Таны өрөөнд буй жижиг хэрэглэлээр жүжиг босгоё гэвэл хэдэн жүжиг гарах бол?



-Дансанд байгаагаар 300-аад жүжгийн хэрэглэл бий. Бүр дээр үеийн дансанд ороогүй жижиг эдлэлүүд складанд байдаг. Нийлүүлэхээр 300-аад жүжгийн юм гарна. Жүжгүүдийг нь тоглохоо больсон ч хэрэглэж байсан зүйлүүдийг нь хаяж чаддаггүй юм. Гэртээ ч гэсэн. Хаячихъя гээд хаяж чаддаггүй. Энэ миний ажлын онцлог байгаа юм. Манайхан надад “Нэг харахад баян ч юм шиг, нэг харахад гуйлгачин ч юм шиг” гэж нэр өгсөн байсан. Гоё юм харагдангуут “Наадахаа надад өгчихөөрэй” гэнэ. Өрөөгөөрөө дүүрэн чихэр, жимс өрчихөөд архины шил, тамхины хайрцаг гуйгаад явдаг гэж дооглодог юм.

 


-Урлагийн ажил цаг наргүй гэдэг. Гэтэл уран бүтээлчид биднээс илүү цаг завгүй нь арын албаныхан гэж хүндэлдэг. Гэр бүлийн хүн тань таныг ойлгож, дэмждэг байсан болохоор та ажлаа амар тайван, жаргалтай хийж ирсэн байх?



-Ер нь театрын ажилчдын ар тал хаягддаг л даа. Миний хань их сайн хүн байсан. “Драмын театртаа л байвал тэр хүний жаргал” гэж намайг дэмждэг байсан. Ажлаа тараад очиход хоол унд бэлэн, хүүхдээ цэцэрлэгээс нь авчихсан сууж байдаг. Би “тэр” айлд идэж уух ногоо цагаа бүгдийг нь оруулаад орхидог. Миний ээж намайг "Зочид буудалдаг амьдардаг авгай" гэдэг байсан. Ээжийгээ бие нь өвдсөн байхад ч хүүхдээ оруулж өгчихөөд ажилдаа явдаг. Одоо бодоход бидний үеийнхнийг ар гэрийнхэн минь их сайн ойлгодог байж. Одооны залуусаас хараад байхад ойлголцохгүй зүйл их байх шиг байна. “Эхнэр ингээд болохгүй байна, тэгээд болохгүй байна. Ажлаасаа гарах уу” гэх нь ч бий. “Хүүхдүүд минь ойлголц. Сайн ярилц” гэж залуучуудад хэлдэг юм.

 


-Амьдралын тань ихэнх хугацаа өнгөрсөн энэ театраас насан туршийн сайхан найзуудаа олсон байх?



-Гэрлийн Оюун, Ганбаяр бид гурав үй зайгүй найзууд байсан. Оюун маань бие нь жаахан өвдөөд байх шиг байна. Ганбаяр маань бурхан болчихсон. Мөн бичээч Диймаа, оёдолчин Уранчимэг гээд олон сайхан найз бий. Одоо жаргал зовлонгоо хуваалцдаг нүүр будгийн Энхтуяа гээд дүү бүсгүй бий. Ж.Жигжиддулам, Д.Цээнямбуу бид буриад гэдгээрээ их дотно, ойрхон байсан.


О.ЭРДЭНЭЧИМЭГ

 



 
Сэтгэгдэлүүд (5)
Зочин 1 жил 5 сарын өмнө
This was so helpful and easy! Do you have any aritcles on rehab? http://nfxtrrmw.com [url=http://xpexgzmpgd.com]xpexgzmpgd[/url] [link=http://tzbfdz.com]tzbfdz[/link]
Зочин 1 жил 5 сарын өмнө
Your post is a timely <a href="http://ogipmiy.com">coibirtutnon</a> to the debate
Зочин 1 жил 5 сарын өмнө
This was so helpful and easy! Do you have any arteclis on rehab? http://ioqudjkq.com [url=http://vsigbthaxds.com]vsigbthaxds[/url] [link=http://gqsjxu.com]gqsjxu[/link]
Зочин 1 жил 5 сарын өмнө
That's a slick answer to a <a href="http://loocucbmgm.com">chenlalging</a> question
Зочин 1 жил 5 сарын өмнө
Hahhaaha. I'm not too bright today. Great post!
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.