Нэвтрэх Бүртгүүлэх
 
Д.Эрдэнэбаатар: Өвөг монголчуудынхаа, Хүннү нарын эртний бичиг үсгийн соёлыг бүтнээр нь олох миний мөрөөдөл
(2)-17152.jpg
9 сар 2 өдрийн өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

Д.Эрдэнэбаатар: Өвөг монголчуудынхаа, Хүннү нарын эртний бичиг үсгийн соёлыг бүтнээр нь олох миний мөрөөдөл

 

 

Монголын түүх, соёлын төлөө амьд­ралаа зориулж яваа археологч, түүхч, доктор, профессор Д.Эрдэнэ­баатарыг “Хоймор”-тоо урьж ярилцлаа. Тэрбээр оны өмнөхөн Балгасын тал дахь “Гол мод 2”-ын Хүннүгийн язгууртны булшны судалгаа”, “Хүн улсын өв соёл” зэрэг шинэ бүтээлүүдээ өлгийдөн авсан юм. “Гол мод-2”-ын Хүннүгийн язгууртны булшны судалгаагаар Монгол орны хүрэл зэвсгийн үеийн түүхийн он цагийг, өмнөх судалгааны үр дүнгээс 1000-1500 жилээр урагшлуулан “Чемурчекийн соёл”, Мөнххайрханы соёл”, “Тэвшийн соёл” зэрэг монгол нутагт хүрэл зэвсгийн эрт болон дунд үед амьдарч байсан овог аймгуудын үлдээсэн дурсгалуудыг илрүүлэн олжээ.



Хүннүгийн их хааны булшны малтлага судалгааны үр дүн бол түүхэндээ анх удаа монголчууд гаднын тусламжгүйгээр бие даан бүрэн цогцолбороор нь дагуул булш болон тахилын байгууламжийн хамт малтан шинжилсэн үйл явдал юм. Хүннүгийн их хааны булш хэмжээний хувьд төдийгүй, малтлага судалгааны ажлын үргэлжилсэн цаг хугацаа, хөрөнгө оруулалт, ажилласан хүний тоо, олдсон археологийн эд өлгийн дурсгал зэргээрээ олон дээд амжилт тогтоосон байна.



Тэрбээр Монголын нэрт археологч Д.Наваан багшийн судалгааны сэдвийг уламжлан авсан гарынх нь шавь юм. Түүний эрдмийн их ажлын талаар ярилцвал сонины хэдэн зуун хуудас ч хангалтгүй биз ээ. Тиймээс түүний шинжлэх ухааны зам мөр хөөх болсон түүх хийгээд хийж бүтээж, зорьж буй ажлынх нь талаар ярилцлаа.



Хамгийн олон үсэг бичиг зохиож хэрэглэсэн улсын нэг нь манай монголчууд

 

 

-“Үндэсний шуудан” сонины “Хоймор”-ын урилгыг хүлээж авсанд баярлалаа. Та гэрийнхээ болон ажлынхаа хойморт юуг залдаг вэ?



-Гэр болон ажлын алинд ч ном л байдаг юм. Эрт үеэсээ монголчууд номыг хоймортоо залдаг. Намайг бага байхад миний өвөөгийн хойморт ном л байдаг байсан. Хоймортоо ном залах нь нүүдэлчдийн уламжлалт ёс заншил. Монголчуудын номыг дээдлэх нь уламжлал ёс заншил юм. Бидний мэдэхийн 2000 гаруй жилийн төрт улсын түүхэнд номыг дээдэлж ирсэн түүхтэй. Харин ном устгасан түүх сүүлийн 70-90 жил дотор л бий.



-Нүүдэлчдийн ном зохиол яагаад ховор байдаг вэ?



-Нүүдлийн аж ахуй, орчин аливаа зүйлийг удаан хадгалах,  зөөвөрлөх чадвар султай. Хэзээ номыг баттай хадгалж ирсэн гэхээр чулуун байшинтай, сүм хийдтэй болсон тэр цагаас л номыг хадгалсан байдаг. Харамсалтай нь 1930-аад оны үед хайр гамгүй хандсан коммунист засгийн үеэс л номыг устгах, шатаах эмгэнэлт үйл явдал болсон. Түүнээс өмнө бол монголчууд ямар нэг байдлаар нүүдлийнхээ аж ахуйд номыг авч явсан. Үүнээс гадна номыг хойч үедээ өвлүүлсэн нэг  явдал нь туульс, аман домгийн хэлбэрээр нэгэндээ дамжуулж, үдэш орой гэртээ сууж байхдаа тууль, домог хайлж, ард түмний дунд баяжсаар өнөөдрийг хүрсэн. Жишээлбэл, нүүдэлчдийн хамгийн алдартай Гэсэр, “Жангарын тууль”-аас манай судлаачид “Гэсэр”, “Жангар”-ыг 500-600 жилийн настай гэдэг. Гэтэл үнэндээ “Жангар” 2200 жилийн настай Хүннүгийн үед зохиогдсон тууль. “Жангар” зохиомол тууль, аман домог биш. Энэ бол бодит хүн. Тэр дундаа Хүннүгийн төрийг Монголын түүхэнд үлдээсэн Модун Шаньюйгийн түүх гэж үзэх бүрэн бололцоотой.



-Үүнийг ямар нэгэн баримтаар нотолсон байдаг уу?



-“Жангар”-ыг анхааралтай унших юм бол “Жангар” гэдэг хүний үйл амьдрал нь Хүннүгийн төрт улсын үүсгэж хөгжүүлсэн Модун Шаньюйгийн амьдрал түүхтэй салшгүй холбоотой байдаг. Үүнийг МУИС-ийн докторант Баатар гэдэг залуу эрдмийн ажлаараа батлан харуулсан байдаг. “Жангарын тууль"-ас Хүннүгийн нийгэм төрийн байгуулал, Модуны туулсан амьдрал харагддаг. Жишээлбэл, энэ тууль Үеийн өнчин Жангар хойт эхдээ адлуулж байгаа тухай гардаг. Гэтэл Модун Шаньюйгийн эх нас барсны дараа Түмэн шаньюй бага хатныхаа хүүхдийг хаан ширээнд суулгах гэж хүний нутагт хүүгээ барьцаанд явуулдаг. Гэтэл Модун буцаж ирээд төр улсаа сэргээн байгуулж буй нь Жангарын туулийн өгүүлэмжтэй таардаг.



-Хүннүгийн төрт улсын үед бичиг үсэг байсан, байгаагүй гэх маргаан байдаг. Энэ тал дээр та ямар тайлбар өгөх вэ?



-Хүннүгийн төрт улсын түүхэнд бичиг үсэг байсан. Үүнийг юугаар нотлох вэ гэвэл Монгол нутагт малталж шинжилсэн Хүннүгийн археологийн дурсгалаас тодорхойлж болно. Монгол нутагт малтаж шинжилсэн нийт Хүннүгийн булшнаас 20-иод үсэг, тэмдэгт олдсон. Энэ талаар судлаач А.Дамдинсүрэн, З.Батсайхан зэрэг хүмүүс тусгай өгүүлэл гаргасан. Үүн дээр би нэмж хэлэхэд 1996 онд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт Эгийн голд малтан шинжилсэн Бурхан толгойн Хүннү булшнаас бэхийн чулуун янтай хосоороо олдсон. Бэхийн янтай нэг биш хоёр ширхэг олдож байна гэдэг маш тодорхой баримт. Мөн эртний Хятадын түүхч Сы Ма Чаны бичсэн “Түүхэн тэмдэглэл” буюу “Ши цзи” хэмээх алдарт сурвалжид хүннүчүүд бичиг үсэгтэй байсан тухай хоёр нотолгоо болохоор мэдээ бий. Нэгд “Хүннүгийн бичиг үсэг бол маш муухай, шувууны сарвуу шиг” хэмээн өгүүлсэн байдаг. Муухай хэмээн бичиж байгаа боловч Хүннүчүүд бичиг үсэгтэй байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Нөгөө нэг баримт нь манай эриний өмнөх 193 онд хүннүчүүд, Хятадын Хан Улстай гэрээ хэлэлцээр хийгээд “Урт хотоос өмнөх шавар сууцтай ард иргэд нь Хятадын хааны мэдэлд, Урт хотоос хойшхи дээл малгай бүхий нум сум барьсан эрс Хүннүгийн Шаньюйгийн мэдэлд байна” гэдгийг цагаан цаасан дээр хар бэхээр хүннү, хятад хэлээр бичиж тогтов гэсэн байдаг. Энэ нь хүннү, хятад хэл бичгээр хийсэн анхны олон улсын гэрээ бичиг, түүхийн баримт юм.



Дээрээс нь нэмж хэлэхэд, манай нүүдэлчид төрт улсынхаа түүхэнд хамгийн олон бичиг үсэг өөрсдөө зохиож хэрэглэсэн байдаг. Рунибичиг, худам монгол бичиг, тод, дөрвөлжин, эвхмэл, түвд гэсэн энэ олон бичиг үсгийг түүхэндээ ашиглаж байсан. Нэг улсын түүхэнд ийм олон үсэг бичиг зохиож хэрэглэсэн, түүх соёлоо бичиж хадгалсан улс дэлхийд элбэг байхгүй. Тиймээс бид өөрсдийнхөө бичиг соёлоор бахархах ёстой.

 



ДӨРӨВДҮГЭЭР АНГИАСАА Л АРХЕОЛОГИЧ, ТҮҮХЧ БОЛОХООР ШИЙДСЭН



-Археологи бол таны хүүхэд байхаасаа сонирхсон мэргэжил гэж байсан. Хүүхдийн санаанд тэр бүр төдийлөн буухгүй археологчийн мэргэжлийн юунд нь татагдсан юм бэ?



-Дөрөвдүгээр ангидаа анх түүхийн хичээл үзэж байсан юм. Тэр үеийн бидний үзэж байсан түүхийн сурах бичигт “Ноён уулын булшийг малтаж буй нь” гэсэн тайлбартай зураг байсан. Тэр зургийг хараад ийм л хүн болно гээд түүхч, археологч болохоор шийдсэн. Хүүхэд байсан юм чинь янз бүрийн л мэргэжлийн тухай бодно. Зохиолч болъё ч гэж бодож явлаа. Аравдугаар анги төгсөхдөө МУИС-ийн түүхийн ангид шалгалт өгсөн. 1979 онд МУИС-ийн уралдаант шалгалт өгдөг жил нийгмийн ухааны ангид элсэгчдээс анх удаа туршилтын журмаар математикийн шалгалт авсан. Математикийн шалгалтаас нэг ч оноо авч чадаагүй. Энэ шалгалтад унаснаас хойш таван жилийн дараа Их сургуулийн түүхийн ангид орж байсан. Миний хувьд дунд сургуульд байхдаа математикийн хичээлд сайн байгаагүй. Ямар сайндаа манай III сургуулийн математикийн багш Сүрэн “За Эрдэнэбаатар бол математикаар хоолоо олж идэх хүн биш” гээд надад сайн дүн тавиад төгсгөж байсан. Намайг нэг хичээлд муу байсны төлөө бүгдийг нь муутгаж харлуулахгүй, миний ирээдүйд итгээд “Өөр ажил хийх хүн. Зовоогоод яах вэ” гэж итгэл үзүүлсэн Сүрэн багшдаа одоо хүртэл би баярлаж, хайрлаж, хүндэлж явдаг.



-Яагаад таван жилийн дараа гэж. Дараа жил нь шалгалт өгч болоогүй юм уу?



-Их сургуулийн уралдаант шалгалтад унасан хүнийг тэр үед чигээр нь хаячихдаггүй байсан. Техникум гэж дараагийн шатны сургуульд оруулдаг байлаа. Хамгийн инээдтэй нь намайг “Санхүү, эдийн засгийн техникумд ор” гэсэн. Тоонд муу хүн чинь санхүүгийн сургуульд яаж оръё гэх вэ. Яахаа мэдэхгүй зогсож байтал Монголд ажиллаж байсан Зөвлөлтийн барилгын хоёрдугаар трестийн нэг ажилтан Их сургууль дээр ажилчин элсүүлж явсан. Тэр “Манайд ажилчнаар элсвэл ирэх жил Их сургуулийн уралдаант шалгалтад оруулна” гэхээр нь “Би танайд ажилд оръё” гээд гүйгээд очсон. Энд цахилгаан гагнуурчнаар нэг жил ажиллахдаа би их зүйл ухаарсан. Ажил амьдрал, бэрхшээл зовлон гэж байдгийг мэдэхгүй хүн өвлийн хүйтэн сэрүүнд даарч хөрч байхдаа залуу насанд сурч мэдэж, боловсорч байх ёстой юм байна гэдгийг их бат ойлгосон. Жилийн дараа СОТ-оос надад амласнаараа Их сургуулийн уралдаант шалгалтад орох эрхийн бичиг өгсөн. Эрхийн бичгээ авсан тэр өдөр цэргийн зарлан дуудах хуудас хамт ирдэг юм байна. Их сургуулийн уралдаант шалгалтад оролцох эрхийн бичгээ үзүүлэхээр намайг цэргээс чөлөөлчих байх гэж итгэж байсан. Гэтэл  цэрэг татлагын комисс дээр ажиллаж байсан нэг хурандаа миний эрхийн бичгийг ураад “Чамайг эх орон дуудаж байна” гээд өнгөрсөн дөө. Тэгээд л эр цэргийн гурван жилийн алба хаахаар хилийн цэргийн 0182 дугаар ангид хуваарилагдаж, 1981 оноос Говь-Алтай аймгийн Алтай сумын Хилийн цэргийн 0214 дүгээр ангид цэргийн инженерийн байгууламж барих ажил хийж хугацаат албаа дуусгасан. Гэхдээ би цэрэгт явсандаа харамсдаггүй. Харин эрхийн бичгээ уруулаад зогсож байхдаа бол аймшигтай харамсаж байсан.



-Цэргээс ирсэн жилээ МУИС-д шалгалт өгсөн үү?



-Цэргээс халагдаж ирээд  Улаанбаатар хотын II Байшин үйлдвэрлэх комбинатад анхны ажилтан болж, нэг жил сайн ч ажилласан, сайхан ч хамт олны дунд байсан. Сайн ажиллаж байсан учраас 1983, 1984 онд  миний зураг сонинд цөөнгүй гарсан. Хавар нь их сургуулийн уралдаант шалгалтад оролцох боломж гарч, түүх, монгол хэл, орос хэлээр шалгалт өгч тэнцсэн. Ингэж л миний түүхч болох зам мөр нээгдсэн.  



-Их л олон сонголтын дундуур чамгүй урт зам туулж археологич болжээ.



-Тийм шүү. Миний хамгийн их баярлаж явдаг зүйл гэвэл МУИС-ийн НУФ-ын Түүхийн ангид 1984 оны есдүгээр сарын 1-ний өдрийн хамгийн эхний хичээлийг манай нэрт  ич Д.Наваан багш зааж байсан. Манай ангийн 30-аад хүүхдийг “Аль нутгийн, аль сумын хүүхэд вэ” гэж асуугаад, “Танай аймаг, суманд тийм тийм дурсгал бий” гээд Монгол орныг алган дээрээ харж байгаа юм шиг ярьсан. Багшийгаа ингэж ярихыг хараад археологич болно гэж эргэлт буцалтгүй шийдсэн. Нэгдүгээр курсээсээ багшийг дагаж, археологийн хээрийн шинжилгээний ангид ажиллан, их сургууль төгсөөд ч багшийгаа дагаж тухайн үеийн Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнд археологийн секторт багшийгаа дагаж ажилтнаар орж, 19 жил ажилласан.

 


ХҮРЭЛ МОРЬ МИНИЙ НЭР ХҮНДИЙГ ДЭЛХИЙН ДЭВЖЭЭНД Ч, МОНГОЛЫН АРХЕОЛОГИЙН ДЭВЖЭЭНД Ч ГАРГАСАН

 


-Таныг их сургуулиа төгссөний дараа Д.Наваан багш Түүхийн хүрээлэн рүү дагуулж явсан уу?



-Тийм. Гэхдээ яг намайг МУИС төгсөж байхад Боловсролын сайдын тушаал гарч Дорноговь аймгийн Боловсролын хэлтэст хуваарилагдаж байсан. Хуваарилагдсан даруйдаа  тухайн үед Түүхийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Д.Дорж, Археологийн секторын эрхлэгч байсан Н.Сэр-Оджав багш нар дээрээ очоод “Түүхийн хүрээлэндээ очно гээд бодож байтал намайг хөдөө хуваарилчихлаа” гээд гүйгээд очсон. Тэр хоёр минь намайг тухайн үеийн ШУА-ийн дэд ерөнхийлөгч, Түүхийн хүрээлэнгийн захирал, академич Нацагдорж дээр дагуулж ороод “Энэ залууг хүрээлэндээ авахаар бэлтгэж байсан. Гэтэл хөдөө хуваарилагдсан байна. Энэ нөхрийг авмаар байна” гэсэн. Академич Нацагдорж гуай тухайн үеийн Боловсролын яамны сайдад албан бичиг хийж өгч, хүрээлэнд үлдээхээр болсон. Дорноговь аймгийн Боловсролын хэлтсийн дарга нь их ууртай ширүүн хүн байсан. Миний материалыг буцааж өгөхдөө “Ганц гайгүй онц төгссөн хүүхэд олоод авахаар яасан арын хаалгатай хог вэ, чи” гээд миний материалыг өөдөөс шидэж байсан.



-Археологич болоод олсон анхны олдворынхоо тухай дурсаач?



-Миний анх томилогдсон хээрийн шинжилгээний анги маань Монгол, Унгар, ОХУ-ын хамтарсан археологийн баг байсан. ОХУ-ын алдарт археологич П.Б.Коновалов, Унгарын алдарт археологич Иштван Эрдели нар мөн саяын ШУА-ийн чуулганаар академич болсон археологич Д.Цэвээндорж гэх мэт мундаг хүмүүстэй анхны малтлага судалгааг хийж байсан түүхтэй. Хамгийн анхны олдвороо энэ багт ажиллаж байхдаа Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Дуулга уул гэдэг газраас олж байсан. Булш ухаж дуусаад явах гэж байхад Хүннүгийн үеийн хүрэл тогоо, сав суулга тавьсан хөмөг олж байсан. Энэ олдвор санаанаас гардаггүй. Багшийн хэлсэн үг болгон эрдэм гэдгийг би тухайн үед ойлгож байлаа. Д.Наваан багш “Булшны ханыг заавал шалгаж бай” гэж хэлдэг байсан. Багшийн тэр үг санаанд ороод булшны ханыг цохиж байтал хана нураад цаашаа ухсан хөндий нүх гарч анхны олдвороо олж байсан.  Өөрөө бие дааж судалгаа хийхдээ олж байсан анхны олдвор маань хүрэл морь байсан. 1992 онд Хэнтий аймгийн Биндэр сумын Асгат уулын өвөрт бие даан малтлага хийж, гартаа хүрэл морь атгасан хүний шарил олсон. Энэ хүрэл морь миний судлаачийн зам мөрийг шулуун болгож өгсөн. Миний нэр хүндийг дэлхийн дэвжээнд ч, Монголын археологийн дэвжээнд ч гаргасан. Тэр судалгаанаас хойш малтан шинжилсэн судалгаа болгон минь үр дүнтэй байсан.



-Сайн шавь төрүүлэх нь багш бүрийн хүсэл байдаг. Та Д.Наваан багшийг хэр олон удаа баярлуулж байв? 



-Цөөнгүй гэж боддог шүү. 1992 онд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Эгийн голоос хүрэл дуулга олсон. “Багш аа, би хүрэл дуулга оллоо” гэтэл “Битгий худлаа яриад бай” гэж багш үнэмшихгүй байсан. Хээрийн шинжилгээний ангиас бууж ирээд хайрцгаа задлаад багшдаа үзүүлэхэд жигтэйхэн баярлаж байсан. “Баяр хүргэе. Багш нь энэ дөрвөлжин булшийг 44 жил малтаад олж чадаагүй шүү дээ” гэсэн. Энэ нь надад маш том шагнал байсан. Багшийнхаа 44 жил судалсан “Дөрвөлжин булшны тэр том соёл”-оос хоёр, гурван жил ажиллаад л хүрэл дуулга олсноороо бахархаж байсан. Энэ бол хүн болгонд тохиох аз биш.



-Та бас багшийнхаа судалгааны ажлыг өвлөн авсан гэдэг?



-Д.Наваан багш “Дорнод Монголын хүрлийн үе” гээд алдарт ном бичсэн. Энэ нь дөрвөлжин булшны судалгааны талаар Монголд хийсэн хамгийн том судалгааны бүтээл. Надад анх энэ сэдвийг өгөхөд маш их айж байсан. Багшийн номыг уншдаг, байнга хэрэглэдэг хүн чинь “Багш бичээд дууссан шахуу зүйлийн юуг нь би судлах вэ” гэж гайхдаг байсан. Тэгэхэд багш надад “Миний хүү хийх юм зөндөө. Битгий санаа зов. Багш нь бол байгаа зүйлийг л гаргасан. Дөрвөлжин булшны түүхийг монголчуудын түүхтэй яаж холбох вэ гэдгээ л бод” гэж захисан. Дөрвөлжин булшны соёл, зан үйлийг одоогийн монголчуудын угсаатны зан үйлтэй харьцуулан судалснаар маш их мэдээлэлтэй болсон. Тийм учраас дөрвөлжин булшны соёлын өвийг үлдээгчид 3800 жилийн тэртээ амьдарч байсан монголчуудын өвөг гэдгийг нотлох бололцоотой болсон.



-Таны хувьд Хүрэл, Хүннүгийн үеийн түүхийг судалдаг. Яагаад энэ сэдвийг сонгон авсан юм бэ?



-Миний хувьд Хүрлийн үе, Хүннүгийн үеийн түүхийг судалдаг. Яагаад гэвэл Хүрэл зэвсгийн эрин үе, Хүннүгийн үе соёлын хувьд залгамж шинж чанартай. Манайд археологич цөөхөн учраас ганц сэдэв судалж явцуурч болохгүй байгаа юм. Хийсэн гол ажил минь дөрвөлжин булш, буган чулуун хөшөө бүхий хиргисүүрийн соёл, Хүннүгийн соёлын тухай номнууд юм л даа. Одоо би “Монголын эртний түүх” гэж ном бичиж байгаа. Энэ номонд юу өгүүлэх вэ гэхээр, шинэ чулуун зэвсгийн үеэс Хүннүгийн төрт улс хүртэл монгол нутагт ямархуу түүх-соёл бүрэлдэн бий болж өнгөрсөн юм бэ гэдгийг археологийн баримтаар бичих гэж байгаа юм. Хүрэл зэвсгийн эрин үед Монголд анхны төрт улсууд нэгдэж бий болсон гэдгийг баримтаар харуулах гэж байна. Жишээлбэл, төрт улс гэдэг нь нэг нутаг дэвсгэртэй,  цэрэг армитай,  нэгдсэн соёлтой, шүүх засаглалтай  гэсэн хэд хэдэн шинж тэмдгээр энэ нэр томъёог бий болгож байна. Гэтэл Хүннүгээс өмнө монгол нутагт нэг нь нөгөөгөөсөө соёл, газар нутгийн хувьд ялгаатай 6-7 төрт улс байсан гэдэг археологийн баримт байна. Үүнийг л олон түмэнд хүргэхээр зорьж ажиллаж байна.



-Археологичдын туйлын зорилго юу байдаг юм бэ?



-Эртний булшийг ухах бүртээ алт мөнгө олж байх ёстой юм шиг хүмүүс ойлгодог. Гэтэл хэрэг дээрээ алт мөнгөнөөс илүү бидний өвөг, дээдсийн түүхийг гэрчлэх мэдээлэл олж авах нь л хамгийн чухал ажил шүү дээ. Монгол хүн хэдийд анх үүсч бий болсон бэ гэдэг мэдээллийг эртний булшууд хадгалсан байдаг. Яагаад зүг чигийг эрхэмлэдэг юм, яагаад уулын энгэрт тавьдаг юм. Хэзээнээс булш дугуй, дөрвөлжин хэлбэртэй болсон юм бэ гэх мэт элементүүд бол монгол хүний оршин буй болсон цаг хугацааг гэрчилдэг. Өөрсдийнхөө өвөг дээдсийн түүхийг судлахын тулд л археологийн шинжлэх ухааныг хөгжүүлэх үйлсэд оролцож байгаа юм. Миний хувьд 30 гаруй жил археологийн шинжлэх ухааны салбарт ажиллаж байна. Би юу мөрөөддөг вэ гэхээр, эртний өвөг монголчуудынхаа, бүр тухайлбал, Хүннү нарын эртний бичиг үсгийн соёлыг бүтнээр нь олох юмсан.  Чулуун дээр, модон дээр сийлснээр нь ч юм уу, бүрэн эхээр нь ном олох юмсан гэж мөрөөддөг. 2011 онд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн “Гол мод 2”-ын Хүннүгийн хааны булшийг малтаж байхдаа хаадын түүхийг бичсэн ном шастир гараасай гэж бодож л байсан. Гараагүй л байна. Бид Хүннүгийн түүхийг юугаар дамжуулж үзэж байна гэхээр эртний Хятадын түүхэн сурвалжаар, монгол нутагт малтсан булшны эх хэрэглэгдэхүүн, эх сурвалжаар л судалж байна. Хэрвээ бичиг үсгийн сурвалж гараад ирвэл хамгийн том баримт болно. Бид бичгийн сурвалжтай бол түүхээ нэлээд урагш ахиулах боломжтой.

 


ТҮРЭГ ОДООГИЙН ТУРК УЛСТАЙ ЯМАР Ч ХАМААГҮЙ

 


-Турк Улс бидний байгуулсан төрт улс гээд Түрэгийн хөшөөг төрийнхөө ордонд байгуулсан гэсэн. Гэтэл та Түрэг, Турк огт хамааралгүй гэж өмнө нь хэлж байсан юм билээ.



-Түрэг Улс одоогийн Турк Улстай ямар ч хамаагүй. Соёлын хувьд ч, аж ахуйн хувьд ч тэр. Үүнийг маш олон баримтаар нотлон харуулж болно. Түрэг, Турк нэрийн ижил төстэй дуудлагаас болж энэ манай юм, бидний юм гэж байгаа нь ноцтой алдаа. Өөрсдийн түүхийг үл ойшоож, хүнийрхүү байдлаар хандах юм бол бусад хөрш орон бидний түүхийг булаацалдах ийм хандлага бий болчихлоо. Жишээлбэл, Казакстан, Киргиз, Турк гэх мэт. Казак иргэд хүннү бол бидний өвөг дээдэс гээд төрт улсынхаа ой болгон тэмдэглэж байна. Ямар ч улс орон өөрийнхөө үүсэл гарвалын түүхийн он цагийг цаашлуулахын төлөө тэмцдэг. Бид өөрсдөө түүхэндээ эзэн байж, түүхээ судлахгүй бол түүхэндээ эзэн болж чадахгүй нь. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Туркийн томоохон албаны хүмүүсийг хүлээж авахдаа “Уугуул төрөлх нутагтаа тавтай морил” гэсэн. Энэ бол маш том ноцтой алдаа. Жишээлбэл, сүүлд нь ямар нэг маргаан гарлаа гэхэд “Танай улсын Засгийн газрын төрийн тэргүүн бидний уугуул нутаг Монгол гэдгийг хүлээн зөвшөөрсөн шүү дээ” гэнэ.



Яагаад Казахстан, Турк, Киргиз бидний түүхийг булаацалдаад байна. Бидний юм гээд байна вэ гэхээр, Казахстан, Турк, Киргизстанд хэлний нийтлэг зүйл бий. Тэр бол угсаа гарвалын ижил шинж биш. Хүннү, Түрэгийн, Монголын эзэнт гүрний үеэс Евразийн олон улсыг улс төр, эдийн засаг, соёлын эрхшээлдээ байлгаж байсны хувьд хэлний нийтлэг шинж үлдсэн. Жишээ нь бид одоо бизнес гэх англи үгийг их ашиглаж байна. Тэгээд 50-100 жилийн дараа бид ижил хэлтэй байсан юм байна, Америк, Монгол хоёр угсаа гарвал нэгтэй гэж хэлж болох уу. Хэл бол угсаа гарвалыг тодорхойлдог баримт биш. Нийгмийн үзэгдэл.

 


П.К.КОЗЛОВ ГЭДЭГ ХҮН НОЁН УУЛЫН БУЛШИЙГ НЭЭСНЭЭР ХҮННҮГИЙН ТӨРТ УЛС БОДИТОЙГООР ОРШИЖ БАЙСАН ГЭДГИЙГ ДЭЛХИЙД ЗАРЛАСАН

 


-Монголын газар нутгаас Хүннүгийн хэдэн булш олдсон гэж бүртгэгдээд байгаа вэ?



-Яг эцсийн тоо гаргах боломжгүй. Яагаад гэвэл бид Монгол орны сум бүрийг нэгжиж, хайгуул хийж чадаагүй байна. Төсөв хөрөнгөөсөө шалтгаалаад зам дагуу аймаг, сумдын нутгаар л явж байна. Хүннүгийн нутаг дэвсгэрийг өнөөгийн Монгол Улсын газар нутгаар хязгаарлаж болохгүй. Өвөрмонгол, ОХУ, Буриад, Киргик, Казахстанд ямар нэг хэмжээгээр булш байгаа. Одоогийн Монголын хил хязгаар бол ХХ зууны эхэнд тогтоосон хил юм.



-Ноён уулыг авран хамгаалах талаар удаан ярьж байна. Онцлог болоод ач холбогдлынх нь талаар товч өгүүлэхгүй юү? 



-Дэлхийн түүхчид ХХ зуунаас өмнө Хүннүгийн түүхийг Хятадын сурвалжаас үзээд “Энэ бол домог” гэж үздэг байсан. Гэтэл ХХ зуунд П.К.Козлов гэдэг хүн Ноён уулын булшийг нээснээр Хүннүгийн төрт улс бодитойгоор оршиж байсан гэдгийг баримттайгаар дэлхийд зарлаж өгсөн юм. Үүгээрээ л ач холбогдолтой. Үүнээс хойш дэлхийн  эрдэмтэд Хүннү Улсыг үнэхээр оршиж байсан юм гэдэгт итгэж, судалж эхэлсэн. Ноён уул П.К.Козлов гэдэг хүний өөрийнх нь амийг аварсан түүх бий. ОХУ-даа яаралтай буцаж ир гээд түүнийг дуудаж байсан. Учир нь П.К.Козлов хуучин хаант засгийн хурандаа цолтой хүн. Хэрэв П.К.Козлов хоосон очсон бол шоронд ордог ч юм уу, хэлмэгдүүлэлтэд өртөх байсан. Энэ их өв соёлын баримт олоод дэлхий нийтэд зарлаж чадсан учраас насан эцэс хүртлээ амар тайван амьдарсан гэж болно. Ноён уулын булш бол Монголын түүхэн он цагийг, төрт улсын түүхэн он цагийг урагшлуулахад томоохон үүрэг гүйцэтгэсэн уул.  Алтыг нь авч болно. Би болохгүй гээгүй. Алтаа авахаасаа өмнө дээр нь байгаа Ноён уулын булшийг авран хамгаалаад, аваад үлдчих л гээд байгаа юм.



-Мөнх цэвдэгтэй уул гэдгээрээ онцгой гэдэг?



-1920-иод онд П.К.Козловыг малтаж байхад мөсөн цэвдэг нь байсан учир дээл хувцас, гоёл чимэглэл нь бүрэн бүтэн байсан. Дэлхийн дулаарал юм уу, уул уурхайн үйлдвэрлэл явуулж байгаагаас ч тэр үү 2005, 2006 онд малтлага хийхэд мөнх цэвдэг нь байхгүй болж гарч байгаа эд өлгийн зүйл нь маш их муудсан байсан. Энэ нь дэлхийн дулаарал гэхээсээ хүний зохисгүй үйл ажиллагаатай шууд холбоотой.



-Ноён уулын тэр орчмыг аялал жуулчлалын бүс болговол одоо ухаж буй алтнаас илүү ашиг олж болно гэж ярьж байсан.



-Түүх, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлээд мөнгө олж буй маш олон улс байна. Жишээлбэл, Египет. Дайны үед эртний фараонуудын бунхны ихэнхийг нь хулгайд алдсан. Гэтэл одоо бүх дурсгалаа хилийн чанадаас татаж аваад, түүх соёлынхоо аялал жуулчлалыг хөгжүүлж чадаж байна. Дэлхийн оюуны соёлын төв байгууллага болсон ЮНЕСКО тухайн дурсгал эх нутагтаа байх ёстой гэдэг зарчмыг хүлээн зөвшөөрсөн. Ноён уулын булшийг цогцоор нь малтаж гаргаад, музей байгуулаад аялал жуулчлалын бүс байгуулбал ирээдүйд алт ухсанаас илүү ашиг олохыг үгүйсгэхгүй. 50, 100 жилийн ашиг хэрэгтэй юү, 2-3 жилийн ашиг хэрэгтэй юү гэдгийг бодох хэрэгтэй.



-Ноён уулын булшийг гаргахад хэдий хэр хугацаа шаардлагатай вэ?



-Хүний насаар бодоход амжихгүй. Жишээлбэл, хүн дунджаар 60-70 насална. Жилд хоёрхон булш малтана гээд бодохоор тэнд байгаа 250 булшийг хэдэн жил малтах вэ. Тав, зургаан үеэрээ ажиллах ажил тэнд бий.



-Судалгааны бүтээлүүдээ гадаадад шинжлүүлэхээр явуулахад өөрсдөдөө ашигтай байдлаар дүгнэлт гаргах тохиолдол байдаг гэсэн. Гаднын багтай хамтран ажиллахын сайн ба муу тал юу вэ?



-Археологийн шинжлэх ухаан асар их төсөв шаарддаг. Төсвийг Засгийн газар, яаманд мэдүүлдэг ч тэр болгон өгч чаддаггүй. Гаднын судлаачид болохоор нутагт нь судлах дурсгал байхгүй ч мөнгө нь байдаг. Тиймээс арга буюу гаднын судлаачидтай хамтарч ажиллаж таарч байгаа юм. Хамтарч ажиллахад сайн тал ч бий, муу тал ч бий. Сайн тал нь юу вэ гэхээр, гаднынхны санхүүг ашиглаад түүхээ судлах боломж олдож байна. Сэргээн засварлах, он цаг тодорхойлох лаборатори байхгүй болохоор тэдний лаборатори судалгааны баазыг ашиглах сайн тал бий. Мөнгө төлсөн хүн хөгжим захиална гэсэн бичигдээгүй хууль байдаг. Бидэнтэй хамт ажиллачихаад “Бид үүнийг хийсэн, олсон” гээд даян дэлхийд зарлахаар хамтран ажилласан монгол судлаачдын нэр хүнд хаана ч байхгүй болно. Нөгөө талаар монгол хүний угсаа гарвалын соёлыг бид өөрсдөө бичихгүй бол гаднынхан ихэвчлэн буруу бичдэг. Жишээлбэл, Хүннү бол монгол биш. Хүннү бол түрэг угсаатан. Түрэг угсаатан нь орчин үеийн Турк, Казах, Киргиз гэсэн санаа хаа сайгүй байна. Энэ нь өөрөө бидний түүхийг биднээс холдуулах гэж буй улс төр, шинжлэх ухааны арга байхгүй юу. Манай төр, манай судлаачид хүний мөнгийг ашиглаж болно. Үүнийг буруутгахгүй. Гэхдээ үүнийг Монгол Улсдаа хэрэгтэй байдлаар ашиглаасай, хамтран ажиллах гэрээгээ маш сайн хийгээсэй, түүнийгээ баримтлаасай.

 


ӨӨРСДИЙН УГСАА ГАРВАЛЫГ ХҮНИЙ НҮДЭЭР ТАЙЛБАРЛАХ ГЭЭД БАЙГАА НЬ АЛДАА БОЛООД БАЙЖ МАГАДГҮЙ ЮМ

 


-Таны шавь нарын тоо хэд  хүрч байна вэ?



-Одоо ажиллаж байгаа Монголын археологичдын 60-70 хувь нь миний гараар орсон байх. Улаанбаатарын их сургууль, МУИС-ийн археологи, антропологийн тэнхимд сүүлийн 20 гаруй жил багшилж байна. Энэ мэргэжлээр сурсан бүхэн энэ мэргэжлийг эзэмшиж ажиллахгүй байгаа ч надаар хичээл заалагасан хүмүүс Монголынхоо түүх, соёл, археологийн дурсгалуудыг хайрладаг, эрхэмлэдэг хүмүүс болсон байх гэж итгэж байна. Одоо археологичоор ажиллаж байгаа шавь нар маань надаас илүү ажиллаж байна. Археологийн хүрээлэнгийн Ч.Ерөөл-Эрдэнэ, Г.Рэгзэн, Н.Батболд, Үндэсний түүхийн музейн Одбаатар, Баярсайхан залуучуудаараа бахархдаг. Археологич болохоор бүсгүйчүүд ирдэг. Би “Шударга л асууя. Археологич болох уу, ар гэрийн амьдралаа сонгох уу” гэж асуудаг. Археологичийн мэргэжил бол эмэгтэй хүнд хүнд ачаа. Шантраагүй, археологичоор ажиллаж байгаа эмэгтэйчүүд байна. Би тэдэндээ баярладаг юм.



-Жилийн 365 хоногийн хэдийг нь та гэртээ өнгөрөөдөг вэ?



-220-230-аад хоногт нь хээр хөдөө, гадаад дотоод, хурал цуглаан гээд явдаг шиг байгаа юм. Миний ажил мэргэжлийн онцлог болохоос биш гэр орноосоо уйдсан хүн биш шүү.



-Та өөртөө байгаа хугацааг юунд зориулахаар төлөвлөж байна вэ?



-Монголын археологийн төлөө л зориулна. Надад сонголт байхгүй. Эргэж буцах зам ч байхгүй. Дарга болох юм уу, түүхч болох цаг хугацаа надад үлдээгүй. 20, 30 жилийн туршлагаа хойч үедээ үлдээх бололцоог хайж байна. Миний мэдлэг туршлага надтай хамт явчихаж болохгүй. Өөрийнхөө бүтээлийг гаргасны дараа Монголын археологийн сурах бичиг хийх бодол байна. Миний багш нар болоод бид хичээл заахдаа Оросын болон барууны археологийн сурах бичгийг ашиглаж хичээл зааж байсан. Би юу анзаарсан гэхээр бид өөрсдийн дэг сургуультай байх ёстой. Өөрийнхөө соёл дээр суурилсан сурах бичиг бий болгохгүй бол өөрсдийн угсаа гарвалыг хүний нүдээр тайлбарлах гээд байгаа нь алдаа болоод байж магадгүй юм.



-Сүүлийн үеийн судалгааны бүтээлүүдээ гаднын сэтгүүлд хэвлүүлж байна уу?



-Манай Улаанбаатарын их сургууль эрдэм шинжилгээний бичиг эрхлэн гаргадаг. Сургуулийнхаа эрдэм шинжилгээний бичигт цувралуудаа гаргахаас гадна МУИС-ийн эрдэм шинжилгээний бүтээлийн эмхтгэл бүтээлээ гаргадаг. ОХУ, БНХАУ, БНСУ-д ч тухайн хэл дээр бүтээлээ гаргаж байна. Харамсалтай нь, ШУА-ийн “Археологи судлал” гээд мэргэжлийн хамгийн том сэтгүүлд миний бүтээлүүд гардаггүй юм. Миний судалгааны мэдээлэл хүмүүст харьцангүй хүрдэг учраас бүтээлүүдээ хэвлэе гэсэн газар нь өгч хэвлүүлдэг. Бүтээлийн жагсаалтаа саяхан хийж үзсэн. 150 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, 10-аад ном хийсэн байна лээ. Зүгээр суугаагүй юм байна гэдгээ ойлгосон.



-Археологийн музей байгуулах тухай яригдаж байсан. Энэ юу болсон бэ?



-Сүүлийн зургаан жил ярьлаа. Сураггүй л байна. Байгуулчихвал би олсон зүйлээ өгмөөр байна. Ард түмэн үзэг л дээ. Энэ бүхнийг ард түмэн үзэж харж байж, түүх соёлын ухамсартай болж, төлөвшил нь бий болно.



-Та шавь нартаа юуг хамгийн их захидаг вэ? 



-Залуу байхад багшаас эмээдэг гэм байсан. Одоо би шавь нартаа “Надаас битгий ай. Мэдэхгүй зүйл байвал сайн асууж бай” гэдэг юм. Жишээ нь, би залуу байхдаа Г.Аким ахад ойртож юм асууж чадахгүй дөлөөд явдаг байлаа. Санаандгүй тохиолдлоор 1990-ээд оны дунд үед танилцаж, санаа оноогоо ярилцдаг болсон. “Толгой дээр цахиур хагалахын учир” хэмээх анхны өгүүллээ бичээд хэвлүүлэх гэтэл тухайн үеийн Түүхийн хүрээлэнгийн захирал байсан Очир гуай “Ш.Гаадамба гуай “Нууц товчооны нууцаас” бүтээлдээ “Толгой дээр цахиур хагалахын учир хэмээх нь” гээд тайлбарласан. Түүний бичсэн зүйлийг хэвлүүлэх гэж байгаа бол өөрт нь үзүүлээд Ш.Гаадамба гуайгаас зөвшөөрөл аваад ир” гэсэн. Зөвшөөрөл авах гэж Ш.Гаадамба гуайд хэдэн удаа ойртсоныг би мэдэхгүй. Тэгж, тэгж Ш.Гаадамба гуайд үзүүлтэл “Болсон байна. Ёстой зөв санаа гаргасан байна” гэж хэлж, тэр их агуу хүн гарын үсгээ зурж, зөвшөөрөл өгснөөр, миний анхны өгүүллэг хэвлэгдэж байсан түүхтэй. Тийм учраас миний алдааг шавь нар минь битгий давтаасай гэж боддог. Тэгээд “Надаас битгий ай. Мэдэх зүйл байвал багш нь тусална. Мэдэхгүй бол мэддэг хүн рүү нь та нарыг чиглүүлж өгнө” гэдэг юм.

 

 

НАМТАР



Д.Эрдэнэбаатар нь 1962 онд Улаанбаатар хотод төрсөн. 1988 онд МУИС-ийг түүхч, археологич мэргэжлээр төгссөн. 1988-2007 онд Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнгийн археологийн секторт археологич, эрдэмтэн нарийн бичгийн дарга, Эртний түүхийн тасгийн эрхлэгч зэрэг ажлыг хийж байсан.



Тэрбээр 1992 оноос Улаанбаатарын их сургуулийн Ази судлалын салбарт түүхийн багш,  Түүхийн тэнхимийн багш, 1998 оноос Археологи-угсаатны зүйн тэнхимийн эрхлэгчээр томилогдож одоог хүртэл ажиллаж байна.



“Монгол Улсын түүх” таван боть зохиолын нэгдүгээр боть, “Монгол нутаг дахь түүх соёлын дурсгалт зүйлүүд” зэрэг бүтээлүүдэд хамтран зохиогч, бие даасан нэгэн сэдэвт эрдэм шинжилгээний ном бүтээл дөрөв, хамтын 13 бүтээлд зохиогчоор, шинжлэх ухааны эрдэм шинжилгээний өгүүлэл 160 гаруйг туурвисан бөгөөд тэдгээр бүтээлүүдээс АНУ, ОХУ, Франц, БНХАУ, БНСУ-ын дэлхийн нэр хүндтэй мэргэжлийн эрдэм шинжилгээний сэтгүүл, ном бүтээлүүдэд хэвлэгдсэн. 



Монгол орны хүрэл зэвсгийн үеийн түүхэнд холбогдох буган чулуун хөшөө, хадны зураг, Хүннүгийн үеийн булш, хиргисүүрийг судалсан туршлагатай судлаач бөгөөд Монгол орны нутагт “Чемурчекийн соёл”, “Мөнххайрханы соёл”, “Тэвшийн соёл”, “Мөнгөн тайгын соёл” зэрэг хүрэл-төмрийн эртний овог аймгуудын үлдээсэн археологийн дурсгалуудыг цоо шинээр илрүүлэн нээсэн.



Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутагт Балгасын тал дахь “Гол мод-2”-ын Хүннүгийн язгууртны булш бүхий газрыг анх удаа илрүүлэн нээж,  Хүннүгийн хааны нэгдүгээр булшийг дагуул булшнуудын хамт бүрэн цогцоор нь бүрэн малтан шинжилж, Монгол нутаг дээр төр улсаа байгуулан оршиж байсан Хүннү нарын үлдээсэн хосгүй үнэт дурсгалуудыг илрүүлэн олж судалсан шилдэг судлаачийн нэг юм.

 

 

ШИГТГЭЭ


Ди.Эрдэнэбаатар ийнхүү Хүн гүрний хааны алтан эдлэлээс Хүн нарын түүх, урлаг соёлын алтан ном бүтээж чаджээ. Алтнаас алт л “төрдөг” байна. Энэ бол Монголын түүхийн нэг гэрч алт, Монгол нутагт Хүн гэдэг дэндүү соёлт ард түмэн оршин байсны нэг нотолгоо болсон алт юм. Алт алтдаа энэ нь соёлын охь, урлагийн дээж болсон шижир алт юм. Эрдэнэбаатар нар Монголын түүхийн алтыг ард түмнийхээ оюуны мэлмийд толилуулж, алган дээр нь тавьжээ.


Соёлын гавьяат зүтгэлтэн   Г.Аким

“Хүн улсын соёлын өв” ном

 

 


Улаанбаатарын их сургуулийн археологийн тэнхимийн эрхлэгч, профессор Д.Эрдэнэбаатарын удирдсан энэхүү археологийн судалгааны баг нь Монголын түүхэнд төдийгүй, Евроазийн түүх соёлд байхгүй хосгүй гайхамшигт эртний эд өлгийн дурсгалуудыг илрүүлэн олж, Хүннү нарын дэлхийн хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмрийг тодруулах, баталгаажуулах хэмжээний түүхэн эд өлгийн баримтуудыг түүх судлаачдад, эх түүхээ сонирхон судлах хүмүүст зориулан ном болгон гаргажээ.


УИХ-ын гишүүн асан Х.Баттулга


О.ЭРДЭНЭЧИМЭГ

 

 



 
Сэтгэгдэлүүд (0)
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.