Нэвтрэх Бүртгүүлэх
 
Э.Энхбат начин М.Жамъянпүрэвийг, Г.Өсөхбаяр А.Сүхбатыг амлах эрхтэй
9d61c054be719246original-16687.jpg
2 жил 6 сарын өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

Э.Энхбат начин М.Жамъянпүрэвийг,
Г.Өсөхбаяр А.Сүхбатыг амлах эрхтэй


Гурвын даваанд Г.Өсөхбаяр нь А.Сүхбатыгаа амлан авч даагаа нэхэн дархан аварга цолыг нь дуудуулахгүй болов уу, яадаг бол.


Монгол бөх гэдгийг зөвхөн бөхчүүд барилдах хэмжээнд ойлгож болохгүй. Үзэгчтэй, зохион байгуулагчтай, хамгийн гол нь барилдах хууль дүрэмтэй үндэсний спорт.
2003 оны Үндэсний их баяр наадмын тухай хууль (ҮИБН), 2003 оны Засгийн газрын 164 дүгээр тогтоол-Бөхийн дүрэм батлагдан гараагүй, өөрөөр хэлбэл эрх зүйн талаас сайн зохицуулагдаагүй байсан урьд өмнийн үед нь наадмын бөх булхай будилаан, хэрүүл маргаанаар дүүрэн байсан. Бидний мэдэх Ардын засгийн наадмуудад ч ийм байлаа. Бүр эртний Даншиг, Уул тайлгын наадмын үед ч тийм зүйл болдог байжээ.
Тухайлбал, 1859 онд VII Богдод шашин номын Бат-Оршил өргөснийг тохиолдуулан Уул тайлгын наадам хийж 136 бөх барилдуулахад хоёрын давааны буйр босгох маргаанаас болж наадам бүтэн хоёр хоног саатсан байдаг. Түшээт ханы болон Жавзандамба хутагтын шавь бөхийг барилдуулах албаныхан нэг давсан өөр өөрийнхөө харьяат бөхчүүдийг оноолтын дүйзэд дээгүүр бичүүлэх гэж маргалджээ. Тэгээд харилцан тохиролцож чадаагүйгээс наадам ийнхүү завсарласан байна. Эцэст нь Бат-Оршил өргөх ажлыг зохион байгуулагчдаас Түшээт хан Цэрэндорж, да жанжин Эрдэнэшанзав нарт “энэ наадмыг энгийн наадамтай адилтгаж болохгүй” гэж сануулсан байх юм. Улмаар 1819 онд гарсан бөхийн дүрэм ёсоор буйр босгон бөхчүүдийг барилдуулж наадмаа үтэр түргэнээр үргэлжлүүлэхийг шаарджээ. Энэ нь ч зөв болж, өөр өөрийн зоргоор буйр босгох гэж арсалдаж байсан жаяг дэгийн багийнхан дур мэдсэн үйл ажиллагаагаа зогсоон уг дүрмийг мөрдлөг болгосноор наадам цаашид хэрүүл маргаангүй сайхан болж өндөрлөжээ. Тус 1859 оны Уул тайлгын наадамд Богдын шавь Өсөхбаяр арслан (1868 оны дархан аварга) найм даван түрүүлж, Цэцэн ханы Жамсран (заан) долоо давж үзүүрлэсэн байна.


Үүнээс харахад Уул тайлгын наадам хоёр хоног саатсан шалтгаан нь ердөө бөхчүүдийн буйр босгохдоо 1819 оны бөхийн дүрмийг эхнээсээ мөрдөөгүйд оршиж байна. Үүнтэй төстэй, буйр босгохтой холбоотой маргаан дагасан үйл явдал өнгөрсөн 2014 оны Улсын баяр наадмаар болсон.


Уул тайлгын наадмын будилааны буруутан нь бөхийн дүрмээр буйр босгохыг биелүүлэхээс татгалзсан (гэхдээ дараа нь мөрдсөн) жаяг дэгийн багийнхан байж. Харин ноднингийн Улсын баяр наадмын будилааны гол эзэн нь ҮИБН-ын хууль, Засгийн газрын 164 дүгээр тогтоол-Бөхийн дүрмийн дагуу 512 бөхөөс хоёрт буйр босгон барууны магнайд гаргах гэснийг биелүүлэхээс татгалзсан дархан аварга А.Сүхбат юм.
Уг нь Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооноос хуульд зааснаар буйр босгоход дархан аварга Г.Өсөхбаяр нэгд, дархан аварга А.Сүхбат хоёрт, аварга О.Балжинням гуравт, аварга С.Мөнхбат, дөрөвт, Г.Эрхэмбаяр тавд ... гэх мэт жагссаар ХХЕГ-ын 0168 дугаар ангийн цэрэг залуу бөх Б.Мөнх-Эрдэнэ 511-д, ХХЕГ-ын 0129 дүгээр ангийн цэрэг залуу бөх Э.Тэмүүлэн 512-т эрэмбэлэгдсэн байв. Дүрмээр Г.Өсөхбаяр зүүний магнайд, А.Сүхбат барууны магнайд босох ёстой.


Монгол бөхөд шинэчлэл хийсэн гэх алдар нэрийн эзэн болж, уран хурц барилдаанаараа наадам чимж явсан А.Сүхбат аварга найман жилийн өмнө зодог тайлснаа цуцалж барилдах болсонд бөхийн хорхойтнууд их баярласан. Гэтэл тэрбээр “намайг барилдах болсонд бүх хүн баярлаж байгаа хойно, би хууль зөрчиж болно” гэсэн байдалтай аашилж, зүүний магнайг тэргүүлэх ёстой дархан аварга Г.Өсөхбаярыг талаа солихгүй бол наадамд барилдахгүй гэж хэл ам гарган жудаггүй загнасаар санасандаа хүрч билээ.
Ерөнхийлөгчийн зарлигаар А.Сүхбат дархан аварга болж цолны үнэмлэх, тэмдгээ Төрийн ордонд гардахдаа Г.Өсөхбаяраас урьдсан нь үнэн. Гэхдээ буйр босгоход зүүний магнайд гарахаар нэгд бус, барууны магнайд босохоор хоёрт эрэмбэлэгдсэн билээ.


ҮИБН-ын хуулийн 7.8-д “Үндэсний бөхийн барилдааны нэг, хоёр, дөрвийн даваанд бөхчүүдийг цолны болон амжилтын эрэмбээр тулгаж барилдуулах бөгөөд бусад даваанд дээрх эрэмбээр ам авч барилдана”
7-9-д “Энэ хуулийн 7.8-д заасан амжилтын эрэмбээр ам авах заалт нь дархан аварга цолтонд хамаарахгүй” гэж заасан.


Тус 7.9-д заасны дагуу улсад зургаан удаа түрүүлсэн 1966 оны дархан аварга Ж.Мөнхбат нь арав түрүүлсэн, 1971 оны дархан аварга Х.Баянмөнхийн өмнө. Арав түрүүлсэн Х.Баянмөнх аварга нь улсад 11 түрүүлсэн, 1990 оны дархан аварга Б.Бат-Эрдэнийн өмнө ам авах эрхтэй байдаг. Эдгээр бөхчүүд дархан аварга цолыг нэг оны нэг өдөр аваагүй учраас 11, 10, 6 түрүүлсэн амжилтыг харгалзахгүйгүйгээр тэднийг дараалуулж болж байна. Гэтэл ҮИБН-ын хуульд өөрчлөлт орж бөхийн даян аварга цолыг хассанаар Г.Өсөхбаяр, А.Сүхбат нар нэг өдөр дархан аварга цолтой болсон билээ.
Монгол бөхийн дархлагдсан эрхэм дээд цол дархан аваргыг хоёр бөх нэг өдөр зэрэг авч байсан тохиолдол амьдралд урьд нь гарч байгаагүй учраас ҮИБН-ын зохион байгуулах хорооныхон барилдах бөхчүүдийн буйр босгоход Г.Өсөхбаяр, А.Сүхбат хоёрын амжилтыг харгалзан хуульд нийцүүлэн жагсаалтын нэг, хоёрт бичжээ.


Хуульд нийцүүлсэн гэдэгт, 2003 оны Засгийн газрын 164 дүгээр тогтоол-Бөхийн дүрмийн 3.6.1 дэх “нэг өдөр ижил цол авсан бөхчүүдийг өмнөх цолтой байх үеийн амжилтаар эрэмбэлэх” заалтыг мөрдлөг болгосныг хэлж буй. Ингээд даян аварга цолтой байх үеийн, хуулиар зөвшөөрөгдсөн хувилбараар эрэмбэлж


-Улсын баяр наадамд 4 түрүүлж, 1 үзүүрлэж, 2 удаа найм, 4 удаа долоо давсан амжилтын үзүүлэлттэй (нийт 14 шөвгөрсөн) дархан аварга Г.Өсөхбаярыг нэгд бичиж зүүн талын магнайд,


-Улсын баяр наадамд 3 түрүүлж, 0 үзүүрлэж, 0 удаа найм, 3 удаа долоо давсан амжилтын үзүүлэлттэй (нийт 11 шөвгөрсөн) дархан аварга А.Сүхбатыг хоёрт бичиж барууны магнайд гаргах болсон байна. Тэгэхээр хууль номоороо бол дархан аварга Г.Өсөхбаяр нь дархан аварга А.Сүхбатын өмнө гарч ам авах эрхтэй байж, хойшид ч түүнийг амлах эрхтэй юм байна.


Ноднин зун Улсын баяр наадмын гурвын даваанд ам авсан байдлыг орон даяар танилцуулахад бөхийн хорхойтнууд хоёрт нь маш их дургүйцсэн. Уншигч Та ч бараг хэн хэнийг авсан тухай ярих гэж байгааг гадарлаж байгаа болов уу. Мэдээж, эхнийх нь Г.Өсөхбаярыг шинэ цолоо мялаалгаж дархан аваргаа дуудуулахад нь хориг тавьж амлан авсан А.Сүхбат аваргын шийдэл. Нөгөө нь улсад гурав шөвгөрсөн өсөх идэр начин Э.Энхбат (29-тэй) нь яг ард нь эрэмбэлэгдсэн, олны хайртай бөх, улсад хоёр шөвгөрсөн М.Жамъянпүрэв (42-тай) начинг амлан авсан явдал байв. Э.Энхбат аймгийн арслан цолтой 23, улсын начин цолтой 24 бөхөөс нэр сонсож ам авсан нь энэ.
Сар гаруй хугацааны дараа эхлэх Улсын баяр наадам сонирхолтой болно. Яагаад гэвэл, өнгөрсөн жилийн бөхийн зүүн, баруун талын магнай солигдож, хуулийн дагуу нэгд эрэмбэлэгдсэн дархан аварга Г.Өсөхбаяр зүүнээс, хоёрт эрэмбэлэгдсэн дархан аварга А.Сүхбат баруунаас босох учраас. Дээр нь Э.Энхбат начин гурвын даваанд Д.Жамъянпүрэв начинг дахиад амлавал даагаа нэхсэн барилдаан болох учраас гэж тодотгоё. Харин гурвын даваанд Г.Өсөхбаяр нь А.Сүхбатыгаа амлан авч даагаа нэхэн дархан аварга цолыг нь дуудуулахгүй болов уу, яадаг бол. Уг нь түүнд А.Сүхбатыг амлан авч барилдах хуулиар олгогдсон эрх бий.
Гэхдээ буур Жамъян аваргын зээ хүү, дархан аварга Г.Өсөхбаярын бөхийн жудаг арай өөр л дөө.


Б.ДОРЖ



 
Сэтгэгдэлүүд (2)
Зочин 1 жил 9 сарын өмнө
!S!WCRTESTTEXTAREA000001!E!
Зочин 2 жил 1 сарын өмнө
!S!WCRTESTTEXTAREA000001!E!
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.