Д.Баатаржав: Аавыгаа баярлуулж чадсандаа би сэтгэл хангалуун явдаг
Монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй. Энэ үг 2008 оны Олимпийн тэнгэрт эх орныхоо нэрийг гаргасан тамирчдаараа бахархах монголчуудын сэтгэлийг бэлхнээ харуулсан. Энэ баярын уур амьсгал тасраагүй байхад Монгол Улсын түүхэнд анх удаа паралимпийн наадамд байт харвааны төрлөөр алтан медалийг эх орондоо авчирч, олимпийн наадмын медалийн буухиаг үргэлжлүүлсэн Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Дашдондогийн Баатаржавыг манай спорт сонирхогчид андахгүй сайн мэднэ. Ингээд Д.Баатаржавтай уншигч таныг уулзуулъя.
-Таныг 2008 оны Бээжингийн олимпоос хойш багш дасгалжуулагчийн ажил хийх болсон гэх юм. Үндэсний шигшээ баг хэдэн тамирчинтай вэ?
-Спортын бэлтгэл сургуулилт хүнд боловч маш чухал. Уйгагүй хичээл зүтгэл, бэлтгэл сургуулилтын үр дүнд л амжилтын үүд нээгддэг юм. Би үндэсний шигшээ багт дасгалжуулагч хийдэг. Манай шигшээ багт одоогоор олон улсын тэмцээнд бэлтгэгдэж байгаа хоёр тамирчин байна. Саяхан Лондоны паралимпэд дөрөвдүгээр байрт орсон Жавзмаа, есдүгээр байр эзэлсэн Оюун-Эрдэнэ нар бэлтгэл сургуулилтаа базааж байна. Энэ хоёроос гадна цаана нь бэлтгэгдэж байгаа тамирчид олон бий. Миний хувьд шигшээ багт хараахан орж амжаагүй байгаа.
-Хөгжлийн бэрхшээлтэй тамирчдыг дэмжих төрийн бодлого ямар байна вэ?
-Сүүлийн үед харьцангуй сайн болсон. Монгол Улс Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцод нэгдэн орсноор эдгээр иргэд рүүгээ хандах хандлага сайн болж байна. Саяхан Инчеоны тунхагийг Засгийн газар ёслол төгөлдөр хүлээн авсан. Ер нь бидний хүсэл тэмүүлэл, цохилох зүрхийг нэгэн зүгт чиглүүлдэг зүйлийн нэг бол яах аргагүй олимпийн наадам юм.
-Та паралимпийн наадмаас алтан медаль авсан тэр сайхан цаг үеэ эргээд нэг дурсвал?
-Дэлхийн эв нэгдлийн баяр учраас тив тивийн шилдгийн шилдэг тамирчид шалгарч оролцдогоороо их сайхан ач холбогдолтой, өрсөлдөөн ихтэй наадам юм. Тэмцээнд амжилттай оролцож ялалт байгуулна гэдэг нэр хүндийн асуудал. Тэрхүү 2008 он бол манай улсын хувьд бэлгэ дэмбэрэлтэй сайхан он байлаа. Гурван алт, хоёр мөнгө нийлээд таван медаль авсан. Энэ бол маш том амжилт. Тамирчин хүн гэдэг гаргасан амжилтдаа хэзээ ч ханаж болдоггүй гэдэг. Бидний өмнө өөр олон тэмцээн хүлээж байна.
-Ингэхэд пара байт харваа энгийн байт харваанаас юугаараа ялгаатай вэ?
-Ялгарах зүйл огт байхгүй. Паралимп гэдэг үгнээс л пара байт харваа гэсэн үг гарч байгаа юм. Яг спортынхоо хувьд эрүүл тамирчдын спорттой адилхан. Эрүүл тамирчинтай ижил зай, цаг хугацаанд адилхан нум сум, хэрэглэлээр харвадаг.
-Тив дэлхий, олимпийн наадамд амжилттай оролцож медаль авна гэдэг тамирчин хүний гол зорилго байдаг. Амжилт гаргана гэдэг бас их том хариуцлага шиг байгаа юм.
-Тэгэлгүй яах вэ, маш их хариуцлага. Тамирчин хүн өөрийгөө бэлдээд багштайгаа маш сайн хамтарч ажиллаад явах юм бол амжилт гаргахгүй спортын төрөл байхгүй гэж боддог. Гагцхүү хувь хүн өөрийгөө сайн бэлдэх хэрэгтэй. Ганцхан багшийн хүч хөдөлмөрөөр тамирчны амжилт тодорхойлогдохгүй. Тиймээс хамтран ажиллаад л явах хэрэгтэй. Муу тамирчин гэж байдаггүй юм.
-Тамирчин хүний сэтгэлзүй бол тухайн тамирчны чансааг тодорхойлох гол хүчин зүйлийн нэг гэж сонсч байсан юм.
-Тийм ээ, спорт бол амар зүйл биш. Их хатуу тоглоом, тэмцээний талбарт “уучлаарай” гэдэг дүрэм байхгүй. Тэр утгаараа хатуу дүрэмтэй.
-Та Рио де Жанейрогийн олимпод хэрхэн бэлдэж байна вэ?
-Бэлдэх, өөрөө олимпод оролцох эрхээ авна гэдэг бас өөр учраас бэлтгэлээ эртнээс хийхээр төлөвлөж байна. Энэ намар Инчеонд Азийн наадамтай. Энэ наадмаар олимпийн эрх олгоно. Энэхүү Азийн наадмаас наана шалгуур болсон олон тэмцээн уралдаан хүлээж байна. Тэр тэмцээнүүдэд амжилттай оролцож байж Азийн наадамд оролцох эрхийн оноогоо хангасан байх ёстой. Тийм учраас манай спортынхон бэлтгэл сургуулилтаа эртнээс базаагаад эхэлсэн.
-Та олимпийн наадмаас өмнө ямар амжилт үзүүлж байсан бэ?
-Би 2000 онд Австралийн Сидней хотноо болсон паралимпээс шагналт тавдугаар байр, 2001 онд БНСУ-ын Вонжу хотноо болсон Номхон далайн наадмын дөрөвдүгээр байр, 2004 онд Грекийн Афин хотноо болсон паралимпийн наадмын тавдугаар байрыг тус тус эзэлж байсан. Мөн 2006 оны Азийн наадамд байт харвааны төрлөөр улсаа төлөөлөн оролцож байсан юм байна.
-Байт харвааны спортоор хэдэн оноос хичээллэж эхэлсэн бэ?
-1989 оноос байт харвааны спортоор тасралтгүй хичээллэж эхэлсэн. Энэ спортод хөл тавьснаас хойш улсын аврага шалгаруулах тэмцээнээс хоёр алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж байлаа.
-Анхны багш нар тань ямар хүмүүс байсан бэ?
-Намайг анх байт харваанд оруулсан хүн бол Лувсандугарын Жамьянсүрэн багш юм. Дараа нь “Хоршоолол” нийгэмлэгийн анхны байт харвааны дасгалжуулагч Шагдарын Бямбасүрэн гэдэг хүнтэй хичээллэсэн. Сүүлд олимпод бэлтгэж, дагуулж явсан багш маань Цогтын Бадамхатан гэдэг хүн байлаа.
-2008 оны олимпоос хойш спортынхонд төрийн хайр хишгийг харамгүй зориулах болсон. Цалин урамшуулал олгож эхэлсэн нь манай спортынхны амжилтад нөлөөлөх нэг гол хүчин зүйл болсон юм шиг ээ?
-Энэ бол яах аргагүй нүдээ олсон урамшуулал гэж би хувьдаа ойлгож явдаг. Тамирчин хүн аливаа тэмцээн уралдаанд оролцохоос өмнө, маш их бэлтгэл сургуулилт хүч хөдөлмөрийг зарцуулдаг. Улсаа төлөөлж тэмцээнд оролцоно гэдэг бол өндөр хариуцлага, нэр төрийн хэрэг юм. Улсын нэрийг тив дэлхийд сурталчлах хөдөлмөр хийж байна шүү дээ. Энэ хөдөлмөрийг үнэлэх нь зүй ёсны хэрэг. Ингэж анхаарснаар манай спортынхны тив дэлхийд үзүүлэх амжилтын чансаа сайжирна, хүүхэд залуус спортыг сонирхох, улмаар хичээллэх хүсэл сонирхлыг бий болгох маш олон давуу талтай.
-Спортынхонд олгож байгаа шагнал урамшууллыг дэмжих хэсэг байхад, шүүмжлэлтэй хандах хэсэг байна шүү дээ.
-Спорт гэдэг нь дотроо олон төрөл байдаг. Олимпийн, олимпийн бус төрөл гэж байна. Тийм учраас спортыг эрэмбэ дараалалтай ойлгох хэрэгтэй байгаа юм. Зарим асуудал их хөндөгдөж гарч ирдэг. Бусдын адил тив, дэлхийгээс шагнал авч байхад бидэнд яагаад цол хэргэм олгодоггүй юм гэх мэт. Тухайн спортын төрлүүд нь нийтийн биеийн тамирын жишгээр явагдаж олимпийн төрөлд оруулахгүйгээр өрсөлддөг учраас нэр хүнд статус нь олимпоос доогуур явдаг. Тиймээс хүмүүс олимпийн бус төрлийн спортыг ойлгох хэрэгтэй. Шагнал мөнгөний асуудал дээр бие биеэ хойш, доош татахдаа гол нь биш. Ойлгож, хүндэлж тухайн спортоо ямар шагналын санд оруулах хэлбэр байна вэ гэдэг талаасаа зөвшилцөж ажиллах нь зүйтэй юм шиг санагддаг. Түүнээс биш тэр тийм болчихлоо, би ийм болно гэдэг ч юм уу, тийм атаа жөтөөний хэлбэрээр хандаж болохгүй л дээ.
-Бээжингийн олимпийн дараа амжилттай оролцсон тамирчдад төр засаг, хувийн хэвшлийнхэн шагналын хур буулгасан. Танд гэхэд л 120 саяыг олгохоор болсон гэх мэдээлэл байсан. Танд тэр мөнгийг олгосон уу?
-Төрөөс олгосон урамшууллыг авах нь зүй ёсны хэрэг. Татгалзах эрх бидэнд байхгүй. Яах вэ, тодорхой хэмжээний урамшуулал авсан. Тэрхүү урамшууллын зарим хэсгийг өөрийн спортын хөгжилд хандивласан. Өөр нэг хэсгийг нь буяны үйлст ч зориулсан.
-Та гэр бүлийнхээ талаар ярихгүй юу. Ам бүл хэдүүлээ вэ?
-Ам бүл дөрвүүлээ. Хүү, охин хоёртой. Манай гэр бүлийн хүн эмч мэргэжилтэй. Хоёр хүүхэд маань том болоод тус тусдаа гарцгаасан. Ач, зээ олуулаа өнөр өтгөн сайхан амьдарцгааж байна.
-Таны үр хүүхдүүдээс спортоор хичээллэдэг хүн бий юу?
-Миний хүү аавыгаа дуурайгаад харвадаг. Одоо манай клубт багш менежер хийгээд явж байна. Ач зээ нар маань одоохондоо бага байгаа учраас мэдэгдэхгүй байна. Том болоод тэдний дундаас спортын хүн гарч ирэхийг үгүйсгэх аргагүй. Тэгвэл мэдээж баяртай байх болно.
-Аав тань улсын начин хүн гэж сонссон юм байна. Аавынхаа тухай яривал их сонин байх болов уу?
-Тийм ээ, миний аав үндэсний бөхөөр барилддаг, улсын начин хүн байсан. Их дөлгөөхөн, үр хүүхэд бидэндээ өмөг түшиг болсон сайхан хүн байлаа. Аав минь Дорнод аймгийн Дашбалбар сумын хүн. Олимпийн наадмаас алтан медаль аваад ирэхэд аав минь учиргүй их баярлаж байсан нь санаанаас гардаггүй юм. Би ийм л сайхан зүйлийг үзэх гэж амьд яваад байсан байна шүү дээ гээд л нулимс дуслуулж байсан. Аавыгаа маш ихээр баярлуулж чадсандаа миний сэтгэл хангалуун явдаг шүү. Эцэг, эхийн хайр гэж ямар агуу байдгийг тэр үед л илүү мэдэрч аавтайгаа хамт баярын нулимс дуслуулж байлаа.
Т.МӨНХНАСАН
|
|