Царцаасан барилгуудын араас царцах төслүүд
Энэ онд авлигажсан төсвийг зогсоож, олон он дамжин мөнгө “идэж” байгаа 272 төслийг царцаагаад байгаа. Царцаах буюу 272 төслийн мөнгийг төсөвт суулгаагүй. Энэ мэт арга хэмжээ авснаар 2014 оны төсөвт сул хөрөнгө оруулалтгүй, “шүүсийг нь сайн шахсан” бүтээн байгуулалтууд тунаж үлдсэн гэж ойлгохоор байгаа. Гэвч үгүй ажээ. Царцаасан барилгаас ч бүрхэг төслүүд улсын төсөвт мөнгө нь суусан “тууж” явна. Энэ тухай өгүүлье.
Хууль ёсныхоо дагуу бол аливаа бүтээн байгуулалтын төсөл цаасан дээр бэлэн болсны дараа буюу зураг төсөл, техникийн тодорхойлолт, ажлын даалгавар нь хийгдсэний дараа УИХ-аар орж, батлагдах эсэх нь шийдэгдэх ёстой. Гэтэл энэ бүхэн хийгдээгүй, нэр төдий төслүүд ногоон гэрлээр ороод төсөвт суусан байх юм. Нийт ийм 42 төсөл байгааг салбараар нь задруулбал, Эрчим хүчний яам-гурав, Уул уурхайн яам- хоёр, Зам тээврийн яам-зургаа, Барилга, хот байгуулалтын яам-тав, БШУЯ-15, Хөдөлмөрийн яам-зургаа, ҮХААЯ-гурав, БОНХЯ-хоёр байна. Одоо энэ төслүүд Худалдан авах ажиллагааны газрын шүдний өвчин болчихоод байна. Учир нь зураг төсөл нь бэлэн болоогүй төслийн тендерийг зарлах боломжгүй. Гэтэл гүйцэтгэгчийг нь хурдан шалгаруулж, дулааны улиралд амжиж барилгын ажлыг эхлүүлмээр байдаг. Нэгэнт төсөвт мөнгө нь сууснаас хойш жилийн дотор энэ бүх ажлыг хийх шаардлагатай болж байгаа юм. Үр дүн нь одоогийн царцаасан барилгуудын заримынх нь хувь заяаг давтахаар байна гэвэл нэг их буруудахгүй. Жишээ нь, Яармагт барьж байгаад орхисон IV төрөх эмнэлэг байна. Энэ барилгын барцад анх зураг төсөл хийхээс л эхэлсэн. Учир нь зураг төслийг нь эмнэлгийн барилгын зураг төсөл хийж мэдэхгүй компани гаргаснаас болж, тухайн үедээ бөөн хэл болов. Ингээд мордохын хазгай гэгчээр одоо хүртэл эмнэлэгийн барилга араг яснаас цааш явсангүй. Энэ жишээнээс харахад барилгын зураг төсөл гэдэг хэдхэн хоногийн дотор хийгээд, тендерийг нь зарлуулчихдаг ажил биш. Гэтэл дээрх 42 төслийн хувьд цаасан дээр нэрээс цааших нь байхгүй төслийг жилийн дотор барилга болгоно гэвэл нэг бол нүглийн нүдийг гурилаар хуурна, эсвэл дараа жил царцаасан барилгын тоог 42-оор нэмэх л болж байгаа юм. Энэ талаар Худалдан авах ажиллагааны газрын худалдан авах ажиллагаа хариуцсан дэд дарга С.Дашдондогоос тодруулсан юм.
-Танай дээр одоо зураг төсөл нь бэлэн болоогүй хэдэн төсөл байна вэ?
-42 арга хэмжээний зураг төсөл, ажлын даалгавар, техникийн нөхцөл ирээгүй байгаа юм. Энэ бол тендер зарлах боломжгүй гэсэн үг. Учир нь зураг төсөл, бусад бүх нөхцөл нь бэлэн болсон төслийг УИХ-д оруулж, төсвийг нь батлах ёстой. Гэтэл тэгдэггүй тохиолдол байна. Өмнө нь ч байсан. Гэхдээ одоо багасч байгаа л даа. Яам өөрөө оруулаагүй байхад төсвийн хэлэлцүүлгийн үеэр гишүүд шууд тавьчихдаг. Жишээ нь Боловсрол, шинжлэх ухааны яам дээр гэхэд гишүүдийн тавьсан ажлууд байдаг. Тиймээс үүнд яамдыг буруутгамааргүй байгаа юм. Манайхан бүх яамныхантай уулзсан. Тэгтэл ийм зовлон байна лээ.
-Тэгэхээр одоо яах вэ?
-Яамдуудад зураг төслийг нь хурдан хийж өгөх хүсэлт тавьсан. Яам зураг төслийг нь зохиолгох, шинжээчээр батлуулах гээд цаг авна. Одоо тэр төслүүдийг хэн тавьсан юм бол, зураг төсөл нь хаана байгаа юм бол гээд яам, манайх хоёр хайгаад явж байна. Бүтээн байгуулалтыг дулааны улиралд хийх ёстой. Тиймээс хурдан зарлаад, эзэнтэй болгоод ажлыг нь эхлүүлэх ёстой. Өнгөрсөн оны хувьд наймдугаар сараас өмнө хийгээгүй гэрээг бол цуцалсан шүү дээ.
-Тэгэхээр тухайн төслийг бүр зогсооно гэсэн үг үү?
-Дараа оны улсын төсөвт суухгүй бол тэр төсөвт арга хэмжээ өөрөө байхгүй болчихож байгаа юм.
-Төслийг зогсоох эрх нь хэнд байдаг юм бэ?
-Сангийн яам, Засгийн газарт байдаг. Өнгөрсөн жил наймдугаар сарын 23-наас өмнө тендер ч зарлагдаагүй төслийг зогсоох шийдвэр манайд ирсэн гэв.
Зураг төслийг нь бүрэн хийгээгүй дээрх төслүүдийн зах зухаас харахад, үргэлж дутагдалтай байдаг сургууль, цэцэрлэгийн барилгууд цөөнгүй байна. Тухайлбал,
Дархан-Уул аймаг Шарын гол сум: 100 ортой цэцэрлэгийн барилга
Хөвсгөл аймаг Мөрөн хот: 100 ортой цэцэрлэгийн барилга
Дархан-Уул аймаг Дархан сум: 100 ортой цэцэрлэгийн барилга
Завхан аймаг Улиастай хот: 100 ортой цэцэрлэгийн барилга
Хөвсгөл аймаг Бүрэнтогтох сум: 450 ортой цэцэрлэгийн барилга
Дархан-Уул аймаг Дархан сум, нэгдүгээр баг: 150 ортой цэцэрлэгийн барилга
Хөвсгөл аймаг Цагаан-Үүр сум: 320 ортой цэцэрлэгийн барилга
Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг: 100 ортой цэцэрлэгийн барилга
Хөвсгөл аймаг Тосонцэнгэл сум 150 ортой цэцэрлэгийн барилга...
Уг нь тойрогтоо хэрэгтэй байгаа цэцэрлэг барьж өгөх гэж “зүтгүүлсэн” УИХ-ын гишүүдийг буруутгах аргагүй. Гэхдээ хууль зөрчин байж “зүтгүүлэх” нь өөрт оноо болж очихоосоо илүү ирээдүйд царцах барилгын эхлэлийг тавигч болж л харагдаж байна. Ингэж зарим төсөл олон жил төсвөө хүлээн “хөсрийтөж” байхад зарим нь цагаан цаас хэвээрээ мөнгөтэй болчих юм. Эндээс харахад лобби сайтай гишүүд ямар ч цагаан цаасыг төсөвт батлуулах нь асуудал биш байдаг бололтой.
Д.ПҮРЭВСҮРЭН
|
|