Экспортын орлого 40 сая доллараар нэмэгдэж, гадаад худалдааны алдагдал буурчээ
Үндэсний статистикийн хороо /ҮСХ/ энэ оны эхний сарын нийгэм эдийн засгийн байдлыг танилцууллаа. Өнгөрсөн нэгдүгээр сард хэрэглээний үнийн индекс буюу инфляц өмнөх сараас 1.7 хувиар өсчээ. Өмнөх сараас 1.7 хувиар өсөхөд мах болон тээврийн хэрэгслийн үнэ нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна. Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сард жижиглэнгийн махны үнэ 300-500 төгрөгөөр, нийтийн тээврийн тасалбар 100 төгрөгөөр нэмэгдсэн бөгөөд 1.7 хувийн өсөлтийн 40 орчим хувийг махны үнийн өсөлт дангаараа эзэлж байгаа юм. Гэхдээ өмнөх жилүүдийн нэгдүгээр сарын инфляцын өсөлттэй харьцуулахад 1.7 хувь өндөр үзүүлэлт биш гэдгийг ҮСХ-ын Макро эдийн засгийн газрын дарга Б.Бадамцэцэг хэлсэн. Жишээ нь, 2012 оны нэгдүгээр сард инфляц 1.8, 2013 онд 2.7, 2014 онд 1.7 хувиар өмнөх сараасаа өссөн юм.Өнгөрсөн оны эдийн засгийн урьдчилсан үзүүлэлтээр манай улсын эдийн засаг 11.7 хувиар өсчээ. Энэхүү эдийн засгийн өсөлтөд гадаад хүчин зүйл гэхээс илүү дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын өсөлт нөлөөлсөн байна.
Энэ оны нэгдүгээр сард гадаад худалдааны алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 92 хувиар буурчээ. Тодруулбал, 2013 оны нэгдүгээр сард гадаад худалдааны тэнцэл 216 сая ам.долларын алдагдалтай гарсан бол өнгөрсөн сард 15.9 сая ам.долларын алдагдалтай гарчээ. Импортын бараа бүтээгдэхүүний хэмжээ 161 сая ам.доллараар буурч, экспортын хэмжээ 40 орчим ам.доллараар өссөн нь гадаад худалдаан алдагдал буурахад голлон нөлөөлсөн байна. Энэ нь оны эхний хувьд сайн “гараа” гэдгийг ҮСХ-ныхон онцолж байсан юм. Цаашид ч экспортын хэмжээ тэр дундаа уул уурхайн бүтээгдэхүүн болох алт, зэсийн экспорт өсөх хандлагатай байгааг ч хэлж байв.
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2014 оны нэгдүгээр сарын байдлаар 348 тэрбум төгрөг болсон бол, зарлага, эргэн төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 413 тэрбум төгрөг болж, төсвийн тэнцэл 64.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл, чанаргүй зээлийн хэмжээ өндөр өсөлттэй хэвээр байгаа юм. Харин өнгөрсөн нэгдүгээр сард валютын хадгаламж 30 орчим хувиар нэмэгдсэн байна. Өнгөрсөн наймдугаар сараас эхлэн өссөн ам.долларын ханшаас болж валютын хадгаламжийн хэмжээнд ийн өөрчлөлт оржээ. Нэгдүгээр сард ам.долларын ханш бага зэрэг сулрах хандлага ажиглагдсан ч энэ сараас эхлэн эргээд өсөх хандлагатай байгаа билээ. Өнгөрсөн сард төгрөгийн ханш хоёр орчим хувиар чангарсан байна.
Э.МӨНХ
|
|