ОХУ-д сургуулийн сурагч халдлага үйлдлээ
Дэлхийн энхтайвны наадам гэгддэг өвлийн олимп эхлэхэд хоёр хоног үлдээд байгаа энэ үед ОХУ-д олныг цочирдуулсан халдлага гарлаа. Энэ баасан гаригт эхлэх олимпийн наадамтай холбогдуулан Москвад өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байгаа юм. Гэвч уг халдлага Сочигийн олимпийг зорих жуулчдад эргэлзээ төрүүллээ.
ОХУ-ын нийслэл Москва хотын хойд захад орших Отрадное хорооллын 263-р сургуулийн аравдугаар ангийн сурагч Сергей Гордеев галт зэвсэг хэрэглэн сурагчдыг барьцаалж, улмаар багшийгаа болон цагдаагийн нэг ажилтныг буудан хороосон аймшигт хэрэг гарсан байна. Энэ хэрэг даваа гаригийн үдээс өмнө болсон бөгөөд гэмт хэрэгтэн сургуулийн 29 хүүхдийг барьцаанд авсан байжээ.
Тэрээр галт зэвсэг гаргаж ирээд биологийн танхимд байсан газарзүйн багшийгаа буудан хороож, газар зүйн хичээлд сууж байсан 29 сурагчийг барьцаалан, заналхийлж байсан аж. Мөн тэрээр өөрт нь 100 сум байгаа хэмээн сүрдүүлж, өөрөө ч үхэхэд бэлэн байгаагаа хэлж байжээ. Сурагч Сергей Гордеевын эцэг сургуулийн гадаа ирж, эхлээд утсаар хүүтэйгээ ярьж сурагчдыг суллаж явуулахыг ятгасан байна. Дараа нь эцэг Гордеев сум нэвтрэхгүй хантааз өмсч, анги руу ороод хүүгээ бууж өгөхийг ятгажээ. Энэ үеэр тусгайгийнхан ажиллагаа явуулж, хэрэгтнийг баривчилсан байна. Түүний гэмт хэрэг үйлдсэн буу нь түүний аавынх байсан аж.
Сергей Гордеев 11-ээс доошгүй удаа буудсан бөгөөд энэ үеэр сургуулийн манаач зэрэг хэд хэдэн хүн шархаджээ. Харуул шархадсан ч амжиж түгшүүрийн дохио дарсан тул цагдаагийнхан яаралтай ирж, сургуулийн сурагчдыг гаргасан байна. Түүнчлэн ОХУ-ын Дотоод хэргийн сайд Владимир Колокольцев тэргүүтэй өндөр албан тушаалтнууд газар дээр нь ирж арга хэмжээ авчээ.
Сурагчид болон багш нарын мэдүүлж буйгаар Сергей Гордеев хүү сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй аж. Харин ч тэрээр онц сурдаг сурагчдын нэг байсан бөгөөд тэргүүний алтан медаль авах гэж байсан ч газар зүйн багшийн тавьсан тааруу дүнгийн улмаас медалийн болзол хангаж чадаагүй байна.
Олимпийн наадмын аюулгүй байдлыг хамгийн дээд хэмжээнд хангаж байгаа гэдгээ Оросын эрх баригчид удаа дараалан мэдэгдэж байсан. Тусгай нисдэг тэрэг, далайн эргээр хяналт тогтоож 40 мянга гаруй цэрэг, цагдаа, тусгай албаны хүмүүс тоглогчид болон орон орны хөгжөөн дэмжигчдийг хамгаална хэмээн мэдэгдээд байгаа билээ. Тэдний “амласан” аюулгүй байдалд итгэн олимпийн нээлтэд Хятадын төрийн тэргүүн Си Жинпинь, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн гээд дэлхийн олон орны төр, засгийн тэргүүн биечлэн оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгдээд байгаа юм.
Б.СУВД
|
|