Нэвтрэх Бүртгүүлэх
 
Монгол Улс төмөр замын гурван том транзит коридортой болно
6605a69b05ce51f6big-15985.jpg
3 жил 10 сарын өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

Ё.Манлайбаяр: Монгол Улс төмөр замын гурван том транзит коридортой болно


Зам тээврийн яамны төмөр зам, далайн тээврийн газрын дарга Ё.МАНЛАЙБАЯРТАЙ ярилцлаа.

-Орос, Хятад, Монголын тал төмөр замын асуудлаар гур­ван талт уулзалтыг өнгөрсөн арванхоёрдугаар сард зохион байгуул­лаа. Тус уулзалтаар гурван тал ямар асуудлыг голлон ярив?

-Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 18-нд Монгол, Хятад, Оросын хамтарсан зөвлөгөөн боллоо. Энэхүү зөвлөгөөний гол сэдэв нь “умард коридор” байлаа. Орос, Хятадыг Европ руу холбосон хам­гийн дөт зам нь Монголоор дамжиж явдаг. Үүнийг умард коридор гэж нэрлэсэн юм. Энэхүү дамжин өнгөрөх коридорыг хоёр тал ашиглах сонирхолтой байгаагаа олон удаа илэрхийлж байсан. Харин манай улсын төмөр замын хүчин чадал бага  учраас үүнийг ашиглаж чадах­гүй өдийг хүрсэн. Тиймээс хоёр хөршийн төлөөллийг урьж төмөр замынхаа хүчин чадлаа нэмэх төлөвлөгөө гаргаснаа танилцуулсан. Хүчин чадлыг нэмэхэд хоёр талын туслалцаа ч шаардлагатай байгааг хэлсэн. Учир нь Монголын газар нутгаар ганцхан дамжин өнгөрөхгүй. Оросын хил Наушокоос Улаан-Үүд, Хятадын хил Эрээнээс Женьян хүртэл төмөр замыг бэхжүүлэх хэрэгтэй байгаа. Нэг хэсгийнх нь хүчин чадлыг мянга нэмээд цааш явахгүй. Энэ асуудлыг хоёр хөрш маань хэрхэн харж байгаа, яаж ажиллах гэж байгаа тухай энэ зөвлөгөөний үеэр ярьсан. 

-Гурван тал ямар асуудал дээр тохиролцож, манай улстай хэрхэн хамтарч ажиллахаар болсон бэ?

-Хятадын тал Эрээнээс Женьян хүртэл цахилгаанжуулж, давхар замтай болгох төлөвлөгөө, зураг төслөө гарган ажиллаж байгаагаа хэлсэн. Оросын тал одоогоор Нау­шокоос Улаан-Үүд хүртэл төмөр замын­хаа 25 хувийг л ашиглаж байгаа. Бүрэн ашиглах бүрэн бололцоо байгаа бөгөөд Улаан­баатар төмөр замын хүчин чадал нэмэгдвэл үүнтэй уялдуулан хүчин чадлаа нэмэгдүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ. Энэ нь зарчмын нэг том тохиролцоо болсон. Хоёрт, Оросын талаас Улаанбаатар төмөр замын өөрийнх нь шинэчлэлд орол­цоход бэлэн байна гэдгээ илэр­хийл­сэн. Тухайлбал, техник тех­но­логи, зураг төсөл, хөрөнгө оруу­лал­тын асуудал дээр хамтарч ажил­лахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. 

-Улаанбаатар төмөр замыг шинэчлэх талаар тусгай чиг­лэл гаргаж ажиллаж байгаа. Ши­нэч­лэл хийснээр хүчин чадал хэр нэмэгдэх юм бэ?

-Улаанбаатар төмөр замын ерөнхий хорооны хурал өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон. Энэ үеэр 10 гаруй жил ярьсан шинэчлэ­лийнхээ эхний төлөвлөгөө баталсан. 1990-ээд оноос Улаанбаатар төмөр замыг шинэчлэх талаар ярьж эхэлсэн шүү дээ. Бодит ажлыг нь 2013 оны сүүлээр эхлүүллээ. 2015 оныг дуустал ямар ямар ажил хийх талаар нарийн төлөвлөгөө боловс­руулж, түүнд шаардлагатай 257 сая ам.долларыг батлуулсан. Дохиолол холбоог ши­нэчлэх, зарим өртөөг өр­гөт­гөх, зөрлөг хоорондын зайг уртас­гах зэрэг олон ажил багтаж байгаа. Ингэснээр 2015 оны эцэст Улаан­баатар төмөр замын хүчин чадал 34 сая тонн болох юм. Одоо 20 сая тонны хүчин чадалтай. Өнгөрсөн 2013 онд 20.5 сая тонныг тээсэн. Энэ нь өөрөө дээд амжилт. Техникийн хүчин чадлын дээд хэмжээнд хүрсэн. Тиймээс л замаа засварлаж, өртөөгөө өргөтгөж л илүү хүчин чадалтай болох хэрэгтэй байна. 

-Төмөр замынхаа хүчин чад­лыг нэмчихлээ гэж бодо­ход дүүр­гэх ачаа хангалттай байгаа юу?

-Монголын экспорт, импорт жил ирэх тусам нэмэгдэж байна. Гэхдээ дотоодын ачаа ашиг багатай. Ачаа тээврийн хамгийн ашигтай тээвэр транзит байдаг. Тиймээс  гурван талт уулзалтаар транзит тээврийг нэмэг­дүүлэх тухай голчлон ярилцсан. Бидний зүгээс төмөр замынхаа хүчин чадлыг нэмнэ. Харин та нар хоёр талаас ачаагаа өг гэдгийг ярилаа. Харин хоёр тал ачаагаа өгье гэсэн зарчмын тохиролцоо хийж чадсан.  

-Тэгэхээр Оросоос Хятад руу, Хятадаас Орос руу хоёр талд ачаа тээвэрлэнэ гэсэн үг үү. Өмнө ганцхан талдаа тээвэр хийдэг байсан юм уу?

-2006 он хүртэл Монголоос Хятад руу нефть бүтээгдэхүүн транзит тээврээр тээвэрлэж, жилд зургаан саяд хүрч байсан. Харин өнөөдрийн байдлаар 1.4 сая тонны транзит тээвэр хийж байгаа. Дээр нь транзит нэг талдаа явдаг байсан. Оросоос Хятад руу ачаа тээвэрлэчихээд  буцаад хоосон явдаг байсан юм. Одоо харин хоёр талдаа транзит тээвэр хийхээр болсон. Оросоос Хятад руу ихэнхдээ уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэж, зөрүүлээд Хятадаас Орос руу контейнер ачуулах талаар төлөвлөөгөө гаргахаар тохиролцсон. Энэ оны нэгдүгээр улиралд багтаж гурван талын хамтарсан төлөвлөгөө гаргахаар болсон. 

-Энэ хоёр улсын тээврийн дамжин өнгөрөх гол зурвас нь манайх гэж байгаа. Тэгэхээр төлөвлөгөөгөөр манай улсад хэрхэн ашигтай вэ гэдэг на­рийн тооцоолол ч гарах байх. Тийм үү. Ер нь транзит тээвэр хэр ашигтай юм бэ?

-Тэгнэ. Ер нь транзит бол хамгийн ашигтай тээвэр байдаг. 2013 онд Улаанбаатар төмөр зам хамгийн дээд хэмжээгээр ачаа тээсэн. Уг нь үйл ажиллагаа нь өргөжих тусам тус компанийн ашиг нь нэмэгддэг. Гэтэл Улаанбаатар төмөр замын ашиг нэмэгддэггүй. Учир нь, тээж байгаа ачааны дийлэнх нь дотоодын нүүрс байдаг. Энэ нь өөрөө алдагдалтай тээвэр. Тээврийн үнээ нэмчих гэхээр цахилгааны үнэ нэмэгдэх гээд байдаг. Учир нь, дандаа цахилгаан станцын нүүрс. 2013 онд зөвхөн дотоодын нүүрс тээвэрлэл­тээс 24 тэрбум төгрөгийн алдагдал­тай ажил­ласан. Дараагаар нь зорчигч тээвэр. Мөн л алдагдалтай. Авто тээвэртэй харьцуулах төмөр замын зорчигч тээвэр 15 дахин хямдхан. Энэ нь бас бас алдагдалтай. Үүнийг нэмэх гэхээр зорчигчийн тасал­барын үнэ нэмэгддэг. Нийгмийн ачаалал цаана нь байдаг учраас ачаа тээвэр нь нэмэгдсэн ч алдагдал нь нэмэгддэг.  Үүнээс гарах нэг арга нь ашигтай ажиллагаагаа нэмэг­дүүлэх. Ашигтай ачаа тээврээ нэ­мэг­дүүлнэ гэсэн үг. Хамгийн ашиг­тай тээвэр бол транзит. Транзитаа нэмэгдүүлж чадвал нийгмийн ачааллыг давж, ашигтай ажиллах бүрэн бололцоотой.

-Одоогоор 1.4 сая тонны тран­зит тээвэр хийж байна. Тэгэ­хээр хоёр хөршийн дамжин өнгөрөх коридор хэд болж нэмэгдэх бол?

-Мэдээж яваандаа 10, 20 сая хүргэх зорилготой байгаа. Гурван талт зөвлөгөөний үеэр хоёр тал ойрын жилүүдэд худалдааныхаа эргэлтийг 2.5 дахин нэмэгдүүлнэ гэж ярьсан. Одоо 80 тэрбумын худал­даа­ны эргэлтийг 200 тэрбум болгоно. Худалдааны эргэлт нэмэгдэнэ гэдэг нь ачаа явуулна гэсэн үг. Тэр ачааг явуулах тээврийн коридор хэрэгтэй. Энэ нэмэгдэж буй ачааны нэг хэс­гийг л манай улсаар дамжин өнгөрөх ийм л асуудлыг ярьж байгаа. Үүнээс өмнө манай улс төмөр замынхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх хэрэгтэй байсан. Энэ ажлаа эх­лүүлсэн. Улаанбаатар төмөр замаа хоёр замтай болгож болно. Үүнийхээ ТЭЗҮ боловсруулж байна. Ингэсэн тохиолдолд хүчин чадал нь 100 сая тонн болно. Гэхдээ 100 саяын хүчин чадалтай ч ачаа нь байхгүй бол ашиг­гүй хөрөнгө оруулалт болно. Тий­мээс нэг талдаа хөрөнгө оруу­лалтаа хийж, нөгөө талд тэрийгээ ашигтай бол­гохын тулд ачаа тээврийн эргэл­тээ нэмэгдүүлэхэд гол анхаар­лаа хандуулж ажиллаж байна. 

-1800 км төмөр замыг барьж дуусвал хэдэн транзит кори­дор бий болох бололцоотой вэ?

-Улаанбаатар төмөр замын мэдэлд байгаа нь 1800 км төмөр зам. Үүн дээр нэмж 5600 км төмөр зам барина гэж төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, манай улс төмөр замынхаа уртыг дөрөв дахин нэмэгдүүлнэ. Жил ирэх тусам Монголоос гарах уул уухайн бүтээгдэхүүний тээвэрлэлт нэмэгдэж буй. 2020 он гэхэд манай улсаас 100 сая тонн ачаа гарах тооцоо байдаг. Үүнийг тээвэрлэх хүчин чадал хэрэгтэй. Зөвхөн Улаан­баатар төмөр замаар тээвэр­лэж чадахгүй. Тиймээс 3-4 шинэ эх үүсвэртэй байх шаард­лагатай. Нөгөөтэйгүүр, 1800 км шинэ төмөр замын замналыг ашиглан хоёр транзит коридор  бий болох болол­цоотой. Орос, Хятадыг холбосон транзит коридор, дотоодынхоо ачаа барааг хоёр хөрш рүүгээ гаргах коридор. Монгол Улс гурван том төмөр замын транзит коридортой болно гэсэн үг. Одоо зөвхөн Улаан­баатар төмөр замыг ашиглан дамжин өнгөрөх коридорийг ярьж байна.

Э.МӨНХЦЭЦЭГ



 
Сэтгэгдэлүүд (2)
Зочин 1 жил 8 сарын өмнө
!S!WCRTESTTEXTAREA000001!E!
Зочин 2 жилийн өмнө
!S!WCRTESTTEXTAREA000001!E!
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.