Нэвтрэх Бүртгүүлэх
 
Нүүрснээс төлөвлөсөн орлогынхоо 40 хувийг л бүрдүүлжээ
49befb620.-15941.jpg
3 жил 11 сарын өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

Нүүрснээс төлөвлөсөн орлогынхоо 40 хувийг л бүрдүүлжээ


Уул уурхайн яамнаас “Ил тод уул уурхай” сэдэвт оны сүүлчийн хурлаа өчигдөр хийлээ. Энэ үеэр Оюутолгойн гэрээ, томоохон ордуудын ашиглалт, ашигт малтмалын олборлолт, экспор­тын эцсийн дүнгийн талаар мэдээлсэн юм. 

ТОМООХОН ОРДУУД ЭДИЙН ЗАСГИЙН ӨГӨӨЖ 

“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн хурал энэ сард болж, ирэх оны хөрөнгө оруулалтын зардал, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө баталсан нь онцлох үйл явдал байв. Тод­руул­бал, Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын зардалд 1.3 тэрбум ам.доллар, бор­луулалтын орлогоо 2.6 тэрбум ам.доллар байхаар тооцжээ. Түүнчлэн ирэх онд 33.9 тонн хүдэр боловсруулж, 692.3 мянган тонн баяжмал гарга­хаар болжээ. Мөн ойролцоох зарим жижиг тусгай зөвшөөр­лийг  нэгтгэс­нээр “Эрдэнэт” үйлдвэрийн ашиглах хугацааг 25-30 жил, Багануу­рын уурхайг 40-45 жил нэмж ажиллах нөөцтэй бол­гожээ. Түүнчлэн өөр нэг шинэ мэдээ нь “Эрдэ­нэт” үйлдвэ­рийн Монголын талын эзэмш­лийг “Эрдэнэс МГЛ” компанид шилжүүлэхээр тохир­чээ. Ингэснээр өмнөх үйл ажилла­гаа хэвийн явагдах бөгөөд менежмент нь өөрчлөг­дөх ажээ. Мөн Монгол, Оро­сын хамтарсан “Монгол­росцвет­мет” компанийн ээлжит хурал болсноор Асгатын мөнгөний ордыг эдийн зас­гийн эргэлтэд оруулах зорилгоор Монголын талын 51 хувь, ОХУ-ын 49 хувийн эзэмшил бүхий хам­тар­сан компани байгуулахаар болжээ. Энэ мэтчилэн уул уурхайн томоохон төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил багагүй хийгдэж байгаа учир ирэх оноос уул уурхайн салба­рын нөхцөл байдал одоогийнхоос сэргэнэ гэдгийг албаныхан хэллээ. 

АШИГТ МАЛТМАЛ БА ОРЛОГО БҮРДҮҮЛЭЛТ 

Манай улсын эдийн засаг уул уурхайгаасаа хараат байдаг билээ. Тодруулбал, нэгдсэн төсвийн 20 орчим хувь, экспортын 80 гаруй хувь, гадаадын шууд хөрөнгө оруу­лалтын 75 орчим хувь энэ салбараас орж ирдэг. Тэгвэл энэ жилийн хувьд төсвийнхөө 21 орчим хувийг уул уурхайн салбараасаа бүрдүүлнэ хэ­мээн төсөвтөө тооцсон байсан. Энэ нь нүүрс, зэс, төмрийн хүдрийн экспортын­хоо хувь хэмжээг их, үнийг нь ч өндөр тавьсан байсан. Тэгвэл он дуусахад хэдхэн хоног үлдээд буй энэ үед буюу арван­нэгдүгээр сарын байд­лаар голлох ашигт малтмалын экспортын хэмжээ­нээс төлөв­лөгөөндөө хүрээгүй байгааг Уул уурхайн яамнаас мэдээл­лээ. Тодруулбал, энэ оны эхний 11 сарын байдлаар 712 мянган тонн зэс үйлдвэр­лэж, 82 хувийн гүйцэтгэлтэй байгаа ажээ. Зэс, молибдений төвлө­рүүлэх ёстой татварын орлого 80 орчим хувьтай байгааг дуулгав. Харин нүүрсний олборлолт 90 гаруй хувьтай буюу 28.6 сая тонныг олбор­ложээ. Экспортын хувьд төлөвлөсөн хэмжээнийнхээ 40 хувийг буюу 15.9 сая тонн нүүрсийг экспортолсон бөгөөд нийт 241 тэрбум төгрөгийн орлогыг одоогоор төсөвт төвлөрүүлээд байна. Үүнийгээ нүүрс­ний үнэ өнгөрсөн онд 40 хүртэл хувиар унаж, бусад ашигт малтмалын үнэ, хэрэг­цээ ч буурсантай холбоотой гэж тайлбарлаж буй. Одоогийн байд­лаар “Эрдэнэс-Таван­толгой” компани Баруун Цан­хийнхаа нүүрсийг тонныг нь 40 ам.доллар, Зүүн Цанхиас буюу “Чалько” компанид өгч буй өрөндөө нүүрсээ тонныг нь 35 ам.доллараар нийлүүлж байгаа ажээ. Харин боомт дээр манай нүүрсний үнэ дунджаар 60-65 ам.долларын үнэтэй байна. Мөн газрын тос, алт, цайрын үйлдвэрлэл, олборлолтын төсвийн орлого бүр­дүүлэлт 100 хувиас дээш буюу тө­лөвлөсөн хэмжээнээс давжээ. Харин зэс, төмрйин хүдрийн экспорт төлөвлөснөөсөө буурчээ. Ту­хайл­бал, Ашигт малтмалын газар энэ жил улсын төсөвт 36 тэр­бум төг­рөгийн орлого бүрдүү­лэх ёстой бай­сан ч үүнээс 90 орчим хувийг нь бүрдүүлжээ. Харин газрын тосны газрын хувьд 154.6 тэрбум төгрөг ул­сын төсөвт төвлө­рүүлсэн байна. 

ГАЗРЫН ТОСНЫ  ХЭРЭГЛЭЭ ӨССӨН 

Өнгөрсөн онд нийт шата­хуу­ныхаа 70 орчим хувийг ОХУ-аас импортоор авсан бол энэ жил энэ тоо 25 хувь болж буурсныг Газрын тосны газ­раас мэдээлсэн.  Ийнхүү нэг эх үүсвэрээс хамааралтай байхаа зогсоох бодлого барьж, цаашдаа дотооддоо газрын тосоо үйлдвэр­лэхэд анхаарах ажээ. Манай улс энэ жил БНХАУ, БНСУ-аас шатахуу­наа нэмж авсан байна.  Мөн “Мон-93” шатахуунаас одоогийн байдлаар 60 орчим мянган тонныг Хөх хотын боловсруу­лах үйлдвэрт боловсруулж, оруулж ирээд байгаа ажээ. Одоогоор сард 10 хүртэлх мян­ган тонныг импортолж байгаа бол цаашид 30-40 мянган тонн болгож өсгөхөөр болжээ. Мөн Дархан- Уул аймагт “Алтан тос” газрын тосны үйлдвэрийн барилгын ажлыг ирэх оны арваннэгдүгээр сард дуусгаж, ашиглалтад оруулахаар ажил­лаж байгааг дуулгасан юм.

Ма­най улсын шатахууны нөөц өнгөрсөн онтой харьцуу­лахад хоёр дахин өссөн болохыг албаныхан хэлсэн. Одоогоор буюу өчигдрийн байдлаар улсын хэмжээнд ердийн хэрэглээний шатахуу­ны 42 хоногийн нөөцтэй байгаа аж. Үүнээс А-80 автобензин 53, АИ -92 автобензин 59, дизелийн түлш 40, ТС-1 18 хоногийн нөөцтэй байгааг онцлов. Манай улс жилд дунджаар 600-700 мянган тонн түүхий тос олборлож экспортолдог бол гаднаас сардаа 4-10 мянган тонн шатахуун импортоор авдаг. Нэг ёсондоо бас л түүхий эдээ хямд үнээр зараад өндөр үнээр боловсруулсан бүтээг­дэхүүнээ авдаг гэсэн үг. Дэлхийн хэмжээнд газрын тосны нөөц хомс байдаг учир урт хугацаандаа үнэ нь өсөх хандлагатай байгааг албаны­хан хэлэв. Дунд хугацаандаа манай  улсын газрын тосны олборлолт 2-2.5 дахин буюу 1.6-1.8 сая тонн болж өсөх хандлагатай байгаа ажээ. 

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 

Манай улсад орж ирдэг байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт 48 хүртэлх хувиар буурсан билээ. Үүн дотор уул уурхайн салбарт 80 орчим нь ногдож буйг салбарынхан нь хэлж буй. Уул уурхайн хөрөнгө оруулагч багасахаар төсвийн орлого дагаад багасдаг, гад­наас  орж ирэх хөрөнгө оруу­лалт буурч, ханган нийлүү­лэгчид ажил­гүй болдог, цаашлаад ам.дол­ларын ханш өсөхөд нө­лөөлдөг гэх мэт олон муу үр дага­вар гарч болдгийг бид өнгөрсөн онд мэдэрсэн. Тэгвэл Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдаж, гадаад, до­тоод болон салбараар нь ялгалгүй хөрөнгө оруулалт хийх эрхзүйн орчныг тодорхой болгож буйг онцолсон. Түүнч­лэн Эрдэс баялгийн салбарт баримтлах  бодлогыг өчигдөр УИХ-ын чуулганы эцсийн хэлэл­цүүлэг оруулсан. Хэрэв тус бодлогын баримт бичиг гарвал уул уурхайн салбарын хөгжлийн бодлого илүү тодор­хой болох ажээ. Дашрамд дур­дахад,  манай улсад ойрын таван жилд  доод тал нь 63 их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцоог “Мандал даатгал” компаниас гаргадаг “Purple­book” эдийн засгийн судал­гаанд онцолжээ. Энэхүү орлогыг уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, үл хөдлөх хөрөнгийн ажилд зарцуулах боломжтойг онцол­жээ. Харин зарим суд­лаа­чид үүнээс ч илүү хэмжээ­ний хө­рөн­гө оруулалт хийх боломж байгааг хэлж байгаа. Тухайл­бал, зөвхөн дэд бүтцийн төс­лийн санхүүжилтэд гэхэд л ойрын таван жилд 54-68 орчим тэрбум ам.доллар буюу 63-95 их наяд төгрөг хэрэгтэй гэж хэлж байгаа юм.  

Б.УУГАНБАЯР 



 
Сэтгэгдэлүүд (1)
Зочин 3 жил 3 сарын өмнө
miiiwn <a href="http://bnbvrvzthrpm.com/">bnbvrvzthrpm</a>, [url=http://dtvqhrxveuwh.com/]dtvqhrxveuwh[/url], [link=http://songqeylgzsj.com/]songqeylgzsj[/link], http://layzulczwrfb.com/
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.