Нэвтрэх Бүртгүүлэх
 
ТЭЦ III-ыг нурааж байгаад ТЭЦ V-ыг барих бүрэн боломж байсан
1-15729.jpg
4 жил 4 сарын өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

Л.Эрдэндалай: ТЭЦ-III-ыг нурааж байгаад ТЭЦ-V-ыг барих бүрэн боломж байсан


ТЭЦ-V-ын ТЭЗҮ-ийг боловсруулсан Л.ЭРДЭНДАЛАЙТАЙ ярилцлаа. 

-ТЭЦ-V төслийн ТЭЗҮ дээр төрийн хөрөнгө оруулалтаар барина гэж байсан гэсэн. Харин одоо консорциум болж хувийн хэвшлийн хөрөнгөөр барихаар болсон байгаа. Үүнийг та тайлбарлаж өгөөч?

-Анх ТЭЦ-V-ын ТЭЗҮ-ийг хийхдээ төрийн санхүүжилтээр барих нь хамгийн өртөг багатай, богино хугацаанд шаардах юм байна гэж шийдсэн юм. Гэхдээ ТЭЗҮ-ийг батлахаас өмнө төр хувийн хэвшлийн санхүүжилтээр, эсвэл хувийн хэвшлийн санхүүжилтээр хийж болох хувилбаруудыг судалсан. Ингэсний үндсэн дээр төрийн санхүүжилтийг сонгосон юм. Төр улсын төсөв эсвэл олон улсын байгууллагаас хөнгө­лөлт­­тэй зээл авч уг төслийг санхүүжүүлэх бүрэн бо­ломжтой байсан. Гэтэл Засгийн газраас тө­рийн түншлэлийг больж төр хувийн хэвшлийн түншлэл болгох шийдвэр гарсан. Ингэж явсаар хувийн компани хөрөнгө оруулалт хийж бари­хаар болсон.

-ТЭЗҮ-ээр байршлыг нь хаана сонгосон байсан юм бэ?

-Цахилгаан станцыг 30-40 жил ашиглаж, ашиглалтын хугацаа нь дуусахаар буулгадаг. Гэтэл ТЭЦ-III-ыг 40-50 жил ашиглаж байгаа шүү дээ. Энэ үүднээс нь харж, ТЭЦ-III-ыг нурааж тэнд шинэ эх үүсвэр барих нь зүйтэй үзсэн юм. Өөрөөр хэлбэл, үеэ өнгөрөөсөн станцыг буулгаж шинэ станц барья гэсэн санаа юм. ТЭЦ-III-ын  байршил дээр барих нь өөрөө маш олон давуу талтай байсан. Станцын байсан суурин дээр дэд бүтэц, усан хангамж, төмөр зам, өөрийн тал­бай, үнсэн сан болон бусад хадга­лах талбай бүгд байсан. Эхний ээлжид дундын станцыг нь буулгаж барих гэж байсан. Гэхдээ тэнд барьж чадаагүй. 

-Яагаад?

-Тухайн үеийн Төрийн өмчийн хороо тендер зарлаж, төр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийнэ, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийхээр боллоо зэр­гээр зарлаж олон түмнийг төөрөг­дүүл­сэн. Ингэж явж байгаад ТЭЦ-III-ын хашаан дотор барих байсныг хашааных нь гадна талд барихаар болгосон. Өөрөөр хэлбэл, дундын станцыг нь буулгаж хашаанд барих байсан төслийг хашааны гадаа нь барихаар болгосон. 

-Хашааны гадаа нь барих гэж байсан газар нь дахин солигдсон биз дээ?

-Хашааны гадаа нь барих гэ­хээр тэр орчимд байгаа маш олон хувийн компанийг нүүлгэхээс гад­на, төмөр зам, авто зам байхгүй, цахилгаан сүлжээнд холбогдоогүй, үнсэн сан байхгүй зэрэг шалт­гаа­наас болж станцын байршил уна­сан. Хоёрт, төр хувийн хэвшлийн түншлэлээр хийх тендер гэж зар­лангуут хөрөнгө оруулалт нэмэгдэж эхэлсэн. 

-Анх хэдэн төгрөгийн өртгөөр босно гэж тооцоолсон юм бэ?

-450мВт-ын цахилгаан станцыг 680 сая ам.доллараар хийнэ гэж тооцоолсон. Гэтэл төр хувийн хэвшлийн түншлэлээр хийнэ гэж тендер зарласнаас хойш өртөг зардал өссөөр 1.2 тэрбум ам.дол­лар болсон байгаа юм. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалт хоёр дахин өссөн. Хувийн компаниуд бүх зардлыг багтаасан байгаа. Тухайлбал, зээлийн хүү, өөрсдийн өртөг, ашиг зэрэг бүх л зүйлийг тус­га­сан. Гэхдээ тэр хөрөнгө оруу­лалтыг монголчууд бид өөрсдөө төлнө. Цахилгаанаа үйлдвэрлэнэ, үйлдвэрлэсэн цахилгааныг манай ард түмэн өндөр үнээр төлж байж нөхнө. Ийм шалтгаанаар хөрөнгө оруулалтын хэмжээ өссөн нь эрс­дэлтэй байгаа. Дээр нь анх удаа төр хувийн хэвшлийн түншлээр хийж байгаа төсөл учраас эрсдэл гарч магадгүй юм. Уг нь анхны байршил нь хамгийн боломжтой газар байсан. Гэтэл тэрийг хашаа­ных нь гадна барина гэж өөрчилс­нөөс болж одоо хүртэл газраа сонгож чадахгүй асуудал болсоор байна шүү дээ. 

-Гэхдээ төрийн биш төр, ху­вийн хэвшлийн санхүүжилтээр хийх нь илүү ашигтай юм биш үү. Яагаад эрсдэлтэй гэж?

-ТЭЗҮ-ээр бол ТЭЦ-III-ын дун­дын станцыг буулгаж ТЭЦ-V-ыг ба­рих байсан. Төр, хувийн хэвшлийн хөрөнгөөр барих нь нэлээд том хэмжээний төсөл учраас манай улсын хувьд хүндрэлтэй. Тиймээс төр өөрөө удирдаж санхүүжилтийг нь хий гэсэн саналыг  хэлж байсан юм. Учир нь хамгийн хямд өртөгөөр бүтэх буюу төр хөнгөлөлттэй зээлийг 40-50 жилээр нь авч болох байсан. Төр улсын төсөвт мөнгө төвлөрүүлж иргэддээ тараахын оронд энэ төсөлд зарцуулах бо­ломж байсан. Гэхдээ тэгж чадаагүй. Ер нь хувийн компаниар томоохон цахилгаан станц бариулах нь өөрөө маш том эрсдэлтэй. Улс төрөөр тоглох эрсдэл бий. Казах­таны түүх бий. Үндэсний томоохон дулааны цахилгаан станцыг нь Америкийн компани худалдан авч эхний жил хангачихаад хоёр дахь жилээс нь хангахгүй улс төрөөр нь тоглож эхэлсэн. Дараа нь Казахтан улс анх зарсан үнээсээ хоёр дахин өндөр үнээр худалдан авсан. Үүн шиг байдал гарахыг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, Улаанбаатарыг хөлдөөж байгаад их мөнгө нэхэж магадгүй. 

-ТЭЦ-V төсөл 10 гаруй жилийн хугацаанд хэд хэдэн удаа байрш­лаа солилоо гэж ярьдаг. Одоо ч газар нь бүрэн сонгогдоогүй байна. Ер нь байр­шил солихын цаана хэний эрх ашиг яваад байна вэ?

-Хамаг учир Төрийн өмчийн хороонд байгаа юм. Төрийн өмчийн хороо тендер, газрын байршлыг буруу зарласнаас болсон. ТЭЦ-III цахилгаан станцыг буулгаж барих газрыг нь өөрчилж ТЭЦ-III хашааны гадна барина гэж зарласан гэсэн үг. Станцын хашааны гадаа бари­хаар болонгууд хүндрэл үүсч эхэл­сэн. Гэрээгээ байгуулж чадахгүй болсон. Тэгээд л аргаа барьсандаа байршлаа сольж эхэлсэн юм. Бид нар бүх судалгаа, зөвлөмжөө хийл­гэсэн. Гэхдээ тэр бүгдийг дагаж мөрдөөдүй. Өөрөөр хэлбэл, инже­не­рийн зөвлөмжийг тоолгүй тухайн үеийн Төрийн өмчийн хорооны удирдлагуудын шийдвэрээс болж ийм байдалд орсон. 

-ТЭЗҮ-ийг боловсруулахдаа төрөөс бүх зардлыг нь гаргасан уу?

-Тухайн үед Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Америкийн компанитай хамтарч 2011 хийсэн. 

-ТЭЦ-III-ын байршлаас гадна өөр нэлээд байршлыг ярьж бай­сан шүү дээ?

-Тийм. Олон газар хайсан. Хот Улиастайд нэг газар олгосон бо­ловч их хагаралтай нь тогтоогдсон. Газар хөдлөлтийн хагардаг зааг шүү дээ. Тиймээс барилга барих бо­л­омжгүй гэж үзсэн. Бусдыг нь хэр­хэн солигдсоныг мэдэхгүй байна. 

-Одоо сонгосон Хөлийн го­лийн хөндий нэлээд цэвдэгтэй гэж байгаль орчны ерөнхий су­дал­гаагаар гаргасан байгаа. Цэв­дэгтэй газар барьж болох юм уу?

-Цэвдэг бол газар доор байгаа хөлдүү ус. Үүнийг шийдэж барилга барьж болно. Инженер геологийн хүндрэлтэй зүйлүүд байж болно. Гэхдээ түүнийг инженерийн аргаар шийднэ. Түүнээс цэвдэгтэй байна гээд дахин солих хэрэггүй. Цэдвэг­тэй газар цахилгаан станц барьж байсан улс олон бий. Тухайлбал, Сибир  тэр чигээр цэвдэгтэй. Гэтэл тэнд маш олон цахилгаан станц байдаг. Инженерийн аргаар маш олон барилга байгууламж барьсан. Бага зэргийн өртөг л нэмэгдэх байх. 

-Манай улсын одоогийн эр­чим хүчний хүчин чадал маань ямар хэмжээнд байгаа вэ?

-Нэлээд хүнд байдалд байна. Манай улсын бүх цахилгаан стан­цын ашиглах хугацаа бараг л дуус­сан. Улаанбаатарт гурав, Дархан, Сэлэнгэ, Чойбалсанд тус бүр нэг станц бий. Эдгээрээс хамгийн залуу нь 30 жил болсон буюу үеэ өнгө­рөө­сөн станцуудтай. Бүгд буулга­хад бэлэн болсон. Нэг л өдөр уна­хаар байдалд байна. Тий­мээс Улаанбаатар, Дархан, Эрдэнэт ши­нэ станцтай болох хэрэгтэй. Энэ үүд­нээс нь харсан ч ТЭЦ-V-ыг хур­дан барих нь чухал. 10 жил барь­сан ма­шин ямар болдог билээ. Тэ­рэн шиг 30 жил ашигласан цахил­гаан станцын  тоног төхөөрөмж, эд анги бүгд элэгдэж, хуучирсан байж таарна. ТЭЦ-III-ын дээвэр нурсан. Тэр нь бидэнд өгч байгаа сануулга. Манай станцууд хэзээч нурж мэдэ­хээр байгаа. Тиймээс станцаа хур­дан барих чиглэлд анхаарах хэрэг­тэй. Энэ нь өөрөө улс орны аюулгүй байдлын гол хөшүүрэг шүү дээ.

Э.МӨНХЦЭЦЭГ



 
Сэтгэгдэлүүд (4)
Зочин 11 сар 6 өдрийн өмнө
58lFns <a href="http://aqrgxfqflcyt.com/">aqrgxfqflcyt</a>, [url=http://dociepytrmrv.com/]dociepytrmrv[/url], [link=http://pnhntuuvwoyd.com/]pnhntuuvwoyd[/link], http://uyfzsmssxoca.com/
Зочин 2 жил 1 сарын өмнө
!S!WCRTESTTEXTAREA000001!E!
Зочин 2 жил 5 сарын өмнө
Zx1f46 http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com
Зочин 3 жил 6 сарын өмнө
1vcCOg <a href="http://jwvymvewplsw.com/">jwvymvewplsw</a>, [url=http://armfdfcrdmzb.com/]armfdfcrdmzb[/url], [link=http://feexlhnsasor.com/]feexlhnsasor[/link], http://urpkinofcaqp.com/
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.