УИХ энэ сард Гашуунсухайт руу тавих төмөр замын асуудлыг хэлэлцэнэ
1476-15686.jpg
4 жил 1 сарын өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

УИХ энэ сард Гашуунсухайт руу тавих төмөр замын асуудлыг хэлэлцэнэ


УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа Ерөн­хий сайд Н.Алтанхуягаас ирэх оны эдийн засгийн төлөв бай­дал болон авто зам, төмөр замын бодлогын асуудлаар мэдээлэл сонсчээ.

Ирэх онд эдийн засгийн орчныг сайжруулахын тулд хууль эрх зүйн орчноо шинэч­лэх шаардлагатай байгаа ажээ. Тухайлбал, Баялгийн сангийн тухай, Өрийн удирд­лагын тухай хуулийн төслүү­дийг батлах шаардлагтай гэж Засгийн газар үзсэн байна. Сангийн яамны мэргэжилтнүүд Өрийн удирдлагын тухай хуу­лийн төслийг боловсруулж байгаа бөгөөд ирэх даваа гаригт АН-ын бүлгийн хуралд танилцуулахаар болжээ.

Авто замын тухайд хөдөө орон нутагт тавьж буй замын чанарт онцгой анхаарах шаард­лагатай байгааг гишүүд хэлсэн байна. Түүнчлэн Улаан­баатар хотод тавих бо­соо, хэвтээ тэнхлэгийн хурдны зам болон Замын-Үүдийг Ал­танбулагтай холбох хурдны замын талаар Ерөнхий сайд нэгбүрчлэн танилцуулжээ. Туул, Сэлбэ голын дагуу тавих хэвтээ, босоо тэнхлэгийн хурд­ны замын зураг төслийн ажил энэ онд дуусах бөгөөд ирэх онд ажлыг нь эхлүүлэхээр төлөв­лөсөн байна. Харин Замын-Үүд­-Алтанбулаг чиглэлийн хурдны замыг хаанаас санхүү­жүү­лэхээ шийдээгүй байгаа ажээ. Гэхдээ хоёр хөрштэйгөө энэ асуудлаар санал солил­цохоор төлөвлөжээ. Монгол, ОХУ-ын Засгийн газар хоорон­дын ко­мис­сын хуралдаан энэ сарын сүүлчээр болох юм. Энэ хур­лаар хойд, урд хилийн боомтыг холбосон хурдны замын сан­хүүжилтийн асууд­лыг хөндөх юм байна.

Тавантолгой-Гашуун­су­хай­тын чиглэлд 267 км төмөр зам тавихаар суурь бүтцийнх нь ажлыг хийж байгаа. Ирэх оны зургадугаар сар гэхэд энэ ажил дуусах бөгөөд түүнээс өмнө ямар царигийн төмөр зам тавихаа шийдэх учиртай. Тө­рөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичигт хаа­шаа ямар царигийн төмөр замаа тавихыг Засгийн газар УИХ-д оруулан хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ гэсэн заалт бий. Тиймээс АН-ын бүлэг Зас­гийн газарт энэ сардаа багтаан Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлд тө­мөр зам тавих тухай асуудлыг УИХ-д оруулж ирэх үүрэг өг­чээ. Мөн түүнээс өмнө Зам тээврийн яамнаас мэдээ­лэл сонсохоор болсон байна.

АН-ын бүлэг 2014 оны тө­сөвт тусгах саналаа Төсвийн байнгын хороонд өгсөн бөгөөд энэ удаагийн хуралдаанаараа төсвийн талаар хэлэлцээгүй гэдгийг тус бүлгийн дарга Д.Эр­дэнэбат хэллээ. Түүний хэлс­нээр УИХ дахь намын бүлгүүд төсвийн талаарх байр сууриа нэгтгэжээ. Харин одоо Төсвийн байнгын хороо намын бүлгүүд, ажлын хэсгийн санал дүгнэл­тийг багцалж эхэлсэн байна. АН-ын бүлэг урсгал зардлаас гадаад томилолт, шинээр ма­шин, тавилга худалдан авах, хүлээн авалтын зардал зэргийг бууруулж, эндээс хэмнэсэн зардлаа орон нутагт хуваа­рилах санал гаргажээ. Тухайл­бал, аймагт бүрт “Шинэ сум” тө­сөл хэрэгжүүлэх, тус бүр таван тэрбум төгрөгийг орон сууц­жуулах хөтөлбөрт зарцуу­лах гэх мэт саналаа Төсвийн байн­гын хороонд өгчээ.

Эцэст нь, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат 2014 оны төсвийг хэлэлцэхдээ Засгийн газраас өргөн барьсан чиг шугамаас нь хазайлгахгүй. Аль болох зардлыг нь бууруулах чиглэл баримталж байгаа гэд­гийг хэлсэн юм. Зардлыг буу­руулж байгаа нэ­рээр сургууль, цэцэрлэг, эм­нэл­гийн барил­гуудын хөрөнгө оруулалтыг хасч байна гэх шүүмжлэл гарч байгаа. Энэ шүүмжлэлд Д.Эр­дэнэбат дарга тайлбар хийлээ. Тэрээр “Энэ оны төсөвт ши­нээр орж ирж байгаа сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барил­гуудын хө­рөн­гө оруулалтыг хасах санал гаргаагүй. Харин бүлгүүд өмнөх жилүүдийн төс­вөөс онд дам­жиж шилжиж бай­гаа хөрөнгө оруулалтын хэм­жээ нь нэмэгд­сэн, газаргүй, зураг төсөл нь өөрчлөгдсөн гэх мэт шаард­лага хангахгүй бай­гаа 100 гаруй төслийг цар­цаахаар санал нэгдсэн. Энэ төслүүдийн нэр байршлыг нь төсөвт тусгаад батална. Ул­маар ирэх оны хоёр, гурав­дугаар улирлын аль нэгэнд төсөвт тодотгол хийх замаар энэ 100 гаруй төс­лүүдийг сан­хүүжүүлэхээр тө­лөв­лөж бай­гаа” гэв.

С.ШИЙЛЭГТӨМӨР

 



 

Fatal error: Out of memory (allocated 27262976) (tried to allocate 1179648 bytes) in /home/topmedee/public_html/library/Zend/Controller/Response/Abstract.php on line 586