Өвлийн олимп угтсан арга хэмжээ хаалтаа хийв
Өвлийн спортын XIV наадам эхлэхэд 105 хоногийн хугацаа үлдээд байна. ОХУ-ын нийслэл Сочи хотод болох цагаан олимпийн галт бамбар хэдийнэ аялалдаа гарсан. Улс орон бүрт “Сочи 2014”-ыг угтсан арга хэмжээ ид өрнөж байгаа. Тэгвэл манай улсад өнгөрсөн найман сарын турш Сочигийн олимпийг угтсан спортын 11 арга хэмжээ зохион байгуулж өчигдөр хаалтаа хийлээ. Энэхүү арга хэмжээг ОХУ-ын Элчин сайдын яам, Монголын үндэсний олимпийн хороо, Сүхбаатар дүүргийн олимпийн зөвлөл хамтран зохион байгуулсан юм. Найман сарын турш өрнөсөн арга хэмжээний хүрээнд орос хэлний сургалттай сургуулиудын дунд спорт өдөрлөг, тэмцээн зохион явуулсан бөгөөд албан ёсны дүнгээ өчигдөр гаргав.
Б.ЗУЛ
|
|