Нэвтрэх Бүртгүүлэх
 
Уулзвар засахад нэг тэрбум
urguu-daraa-15614.jpg
4 жил 1 сарын өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

Шинэ зам тавихад 530 саяуулзвар засахад нэг тэрбум


Зам тээврийн сайд саяхан хэвлэлд ярилцлага өгөв. Тэрээр “нэг км замыг 530 сая төгрөгөөр барьж байгаа” гэв. Түүнчлэн “чанар стандартыг нь сайж­руулъя гэвэл нэг тэрбум төгрө­гөөр барих шаардлагатай. Гэвч Хөгжлийн банк, Эдийн засгийн хөгжлийн яамнаас ийм хэмжээ­ний санхүүжилт олгох боломжгүй гэсэн тул хуучин стандартаараа явж байна” гэжээ. Энэ мэдээл­лээс улбаалан нэг зүйл өөрийн эрхгүй анхаарал татаж байгаа юм. “Өргөө” кино театрын уулз­варыг шинэчилж, өнгөрсөн зурга­дугаар сарын эхээр ашиглалтад оруу­лахад км хүрэхгүй замын ажилд тэрбум гаруй төгрөг зар­цуул­сан нь тухайн үедээ шүүмж­лэлийн бай болоод авсан билээ. Дээр нь, санхүүжилт хүрэхгүй хэмээн цааргалсан Эдийн зас­гийн хөгж­лийн яам энэ “тусгай” төсөвтэй замын ажлыг хариуцан хийж байгаа болохоор илүү со­нир­хол татсан юм. Тиймээс “Гудамж” төслийн хүрээнд хийг­дэж буй хотын төвийн замын 33 уулз­варыг шинэчилж, өргөтгөх ажлын нэг хэсэг болох “Өргөө”-гийн болон бусад уулзварын хөрөнгө оруулалт, зардалтай илүү “дот­ночилж танилцахыг” оролдъё. “Гудамж” төслийн ал­бан ёсны вэб хуудсыг унших, хол­богдох хүмүүстэй утсаар хол­богдох, уулзаж асуух гээд олон арга хэрэглэв. Эх сурвалжуудын хэлж байгаагаар “Өргөө”-гийн уулз­варыг засч шинэчлэхэд нээ­рээ л 1.2 тэрбум төгрөг зарцуул­жээ. Гэхдээ энэ бол зураг төс­лийн ажил болон гэрэл дохио зэрэг дэд бүтцийн зардлаас гадна цэвэр замын ажилд зо­риул­сан төсөв гэдгийг зориуд онцолъё. Бусад зардлыг оруу­лаад, нийт төсөвт өртөг нь 1.6 тэрбум орчим төгрөг юм байна. Энэ талаар төслийн вэб хуудас дээр дэлгэрэнгүй бичсэн байна лээ. Харин яг ямар хэм­жээтэй замыг энэ мөнгөөр зас­саныг дурдаагүй байв. Холбог­дох хү­мүү­сийн өгсөн мэдээллээр нийт 9000 ам метр талбай буюу 1.2 км замыг зассан аж. Эндээс харахад нэг км замыг ойрол­цоогоор нэг тэрбум төгрөгөөр засчээ. Гэхдээ шинээр зам тавьж байгаа биш, өргөтгөж шинэчилж байгаа гэдгийг анхаарах хэрэг­тэй. Ингээд бодохоор шинэ за­мын км тутмыг нь 530 саяар тавьж байгаа боловч уулзвар өргөтгөж шинэчлэхэд, яльгүй дараад хэлэхэд хуучин замыг сайжруулж тордоход км тутамд нь яагаад тэрбум төгрөг зар­цуулдаг билээ гэж хэн хүнгүй бодно. Өөрөөр хэлбэл, 530 сая төгрөгөөр шинэ зам тавьж болж байхад яагаад хуучин замыг шинэчлэхэд хоёр дахин их зар­дал шаардаад байдаг билээ. Харин ч бүр эсрэгээрээ баймаар санагдана. Бусад уулзварын хувьд ч үүнтэй адил асуулт нэхэж байгааг уншигч та хүснэгтээс харж болно. Заримынх нь хувьд ам метр талбайг олж мэдэж чадаагүйдээ хүлцэл өчөөд цааш үргэлж­лүүлье.

Энэ онд 33 уулзварын 16-г нь ашиглалтад оруулахаас одоо­гоор 13-ыг өргөтгөн шинэчилж, ашиглалтад оруулсан байгаа юм. Харин үлдсэн гурван уулзварын өргөтгөлийн ажил дуусах шатан­даа орсон талаар Эдийн зас­гийн хөгжлийн яамны харъяа Гудамж төслийн ажлын албаны­хан хэлсэн. Ашиглалтад ороод буй эхний авто замын 12 уулз­варт тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн нийт 104 375 ам метр талбайд асфальт бетон хучилт хийжээ. Үүнээс 38 хувь буюу 40 679 ам метр нь шинээр нэмж өргөтгөсөн талбай юм байна. Өнгөрсөн ням гаригт 13 дахь буюу “Өнөр” хорооллын уулз­варыг ашиглалтад оруулсан. Тус уулзварын хувьд шинээр өргөт­гө­сөн замын хэмжээ нь бусад уулзваруудтай харьцуулахад их гэдгээрээ онцлог байгаа. Өмнө нь тус замаар том оврын тээв­рийн хэрэгсэл явах боломжгүй, явган хүний ч зам байдаггүй байсан. Харин уулзварыг өргөт­гөн шинэчилж хоёр чигийн хөдөл­гөөн, дөрвөн эгнээ бүхий өргөн замтай болгосон байв. Тод­руулбал, нийт 900 ам метр авто замыг шинээр барьж, 16700 ам метр талбайд асфальтан хучилт, 3400 гаруй ам метр талбайд явган хүний зорчих зам тавьсан байна. Одоогоор ашиглалтад ороод буй 13 уулзварын төсөлд 17 тэрбум орчим төгрөгийг зар­цуулсан байгаа аж. Өөрөөр хэлбэл, нэг уулзварыг ойрол­цоогоор дээр дурдсанчлан нэг тэрбум гаруй төгрөгөөр шинэ­чилж, өргөтгөсөн гэсэн үг.

Зам дагаж хөгжил гэдэг. Тий­мээс ч шинэ, нэвтрүүлэх чадвар сайтай уулзварууд ашиглалтад орж буй нь сайн хэрэг. Хүмүүс ч сайшааж байгаа. Замын хөдөл­гөөний эрчмийг нэмэгдүүлэх замаар түгжрэлийг бууруулж, ард иргэдийн алтан цагийг хэмнэж, стрессийг багасгаж байна гэх мэтээр. Гэхдээ энд нэг биш нэлээд хэдэн зүйл буруу санаг­даад байна. Тэр тусмаа нэлээд ноцтой хэдэн зүйл анзаарагдав. Олон ч хүн үнийг хэлж байгаа. Нэгдүгээрт, менежментийг нь Эдийн засгийн хөгжлийн яам хийх нь зөв үү гэдэг асуудал байна. Уг нь, Эдийн засгийн хөгжлийн яамны гол чиг үүрэг нь нэг төслийн менежмент хийх биш улсынхаа эдийн засгийн хөгжлийн бодлогыг барих л бай­маар. Мөнгө зарах биш олохыг гол зорилгоо болгомоор. Угаа­саа мөнгө зардаг зарцуулдаг, хуваарилдаг чиг үүрэгтэй Сан­гийн яам гэж байгаа шүү дээ. Одоо бол хатуухан хэлэхэд хоёр Сангийн яамтай юм шиг л байна. Уг нь Эдийн засгийн хөгжлийн яамны хувьд хэрхэн мөнгө олох вэ, олсон хэдэн төгрөгөө хэрхэн богино хугацаанд илүү их өсгөх вэ гэдэг дээр төвлөрөх учиртай. Гэтэл автозамын, тэр тусмаа хотын төвд уулзвар барих нийс­лэлийн захиргааны ажлыг ур­дуур нь орж хийгээд, өндөр хүү­тэй өр тавьж олж ирсэн “Чингис” бондын мөнгөөрөө санхүүжүү­лээд байгаа нь хэр зохимжтой юм бол. Энэ бол дараагийн нэг эгэлзээтэй асуудал. “Чингис” бондын мөнгө бол хүү нь өдөрт 270 саяараа бодогдож буй өр гэдгийг одоо толгойтой бүхэн л мэддэг, ярьдаг болсон. Богино хугацаанд өндөр үр ашиг өгөх бизнесийн төсөлд зарцуулж байж л өндөр хүүтэй өр тавьс­ныхаа хэргийг гаргаж эдийн засгийн хөгжилдөө хувь нэмэр оруулахын зэрэгцээ эргэн төлөл­тийн мөнгөө олох ёстой. Үгүй бол нийтээрээ өрийн дарамтад орно. Энгийнээр бол хүнээс өндөр хүүтэй мөнгө зээлээд хувцас авч өмсчихөөд өөрөө төлж чадахгүй хүнд байдалд орох уу, зээлсэн мөнгөө ашигтай төсөлдөө оруулчихаад өрөө ч төлөөд, өөрөө ч хөлжөөд сууж байх нь дээр үү гэдэг сонголтоос нэгийг хийх шаардлагатай гэсэн үг. Гэтэл ашигтай төсөлд хөрөнгө оруулах сонголтыг нь хийх ёстой Эдийн засгийн хөгжлийн яам арай л өөр зүйл хөөгөөд байх шиг. “Чингис” бондоос 200 сая ам.долларыг дээр дурдсан “Гу­дамж” төсөлд зарцуулахаар шийдвэрлэж, бүр менежментийг өөрөө хийж байна. Тэгвэл гудамж талбай засч янзлах, уулзвар шинэчлэхийг хэр ашигтай төсөл гэж тооцоолсон юм бол. Энэ нь мэдээж хийх шаардлагатай аж­лууд мөн үү гэвэл, мөн. Гэхдээ бондын мөнгөөр хийх ажил уу гэвэл биш. Бизнесийн биш, нийг­мийн чанартай төсөл шүү дээ. Уг нь бол гадаадын хөрөнгө оруу­лагчид ч гэсэн биднийг бизне­сийн чанартай богино хугацаанд үр ашгаа өгөх төсөлд зарцуулна гэж бодож л энэ мөнгийг зээлсэн байж таарна. Тэгж ч ярьж байгаа. Бас итгэл найдварыг нь хэр даах зээлдэгч болохыг анхааралтай ажиглаж байгаа. Гэтэл манайхан харсаар байхад санаанд нь ч ороогүй зүйлүүдэд зарцуулаад байгааг юу гэж харж байгаа бол. Бас болоогүй 530 саяын өртөг­тэй замыг нэг тэрбум гаруй төг­рөгөөр барьж байгааг юу гэж ойлгож байгаа бол. Бондын хөрөн­гийн зарцуулалтад хөрөн­гө оруулагчид хэрхэн үнэлж байгааг, бидэнд хэр итгэл үзүүлж байгааг мэдэхэд их амархан. Итгэл алдраад байвал “Чингис” бондын хүү өсөөд, үнэ нь унаад л байна. Харин хөрөнгө оруулаг­чид сэтгэл хангалуун байвал хүү нь буураад, үнэ нь өснө. Тэгвэл сүүлийн үеийн мэдээллээс хара­хад манай арван жилийн хуга­цаатай нэг тэрбумын бондын хүү анх 4.125 хувь байсан бол одоо бараг хоёр дахин өсөөд байгаа. Үнэ нь ч тасралтгүй буурсаар байна. Эндээс хөрөнгө оруу­лагчид бидэнд, “Чингис” бондын зарцуулалтад ямар дүн тавьж буйг тодорхой харж болохоор байна. Уг нь Эдийн засгийн яам нь хөгжлийн бодлогоо тодор­хойлоод, хот нь замаа хариу­цаад явсан бол дээр байж. Энэ нь Засгийн газрын бодлогын алдаа гэхээсээ улстөрчдийн сонирхлын зөрчлийн асуудал ч байж мэднэ. Тэгээд ч Эдийн засгийн хөгжлийн сайд нь том бод­лого боловсруулж суухын оронд уулзвар замаар хөөцөл­дөж явааг юу гэж ойлгохов.

Э.МӨНХЦЭЦЭГ

15.jpg
uulzvar_2-2.JPG


 
Сэтгэгдэлүүд (2)
Зочин 1 жил 9 сарын өмнө
!S!WCRTESTTEXTAREA000001!E!
Зочин 2 жил 1 сарын өмнө
!S!WCRTESTTEXTAREA000001!E!
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.