Бооцоо тавих нь наймааны ёс, бодлого хийх нь намын ёс
1.
Нам нэрээ солино гэдэг маш том заль ухаан гэж би бодож байна. Ингэж аливаа муу юмнаасаа ухрах боломжийг авна. Нөгөөтэйгүүр, бас шинэ сайн юманд тэмүүлэх боломжийг ч авч байна. Жишээ нь, Ардын намын хувьд хэдэн жилийн өмнө Ху нам гэхээр л өнөө л хэлмэгдүүлэлт, үзэл суртлын хэнхэг байдлын “бай” болж байв. Гэтэл намын нэрийг сольсноор тэр хар ачааг тээж явах “учраанаасаа” салах боломжийг нээсэн. Тэр бохир ачааг Ардын намын өнөөдрийн дарга Ө.Энхтүвшин эсвэл үүний өмнө дарга байсан С. Батболд тээж явах албагүй шүү дээ. Ялимгүй хошигнож хэлэхэд, тухайн цагтаа зүсэн зүйлээрээ хэлүүлээд байсан Энхбаяраас ч салах боломжийг өгсөн хэрэг. Жишээ нь, Ардчилсан нам ч гэсэн нэрээ хэд хэд сольсон. Бүр саяхан даа, үхрийн бөөр шиг алаг цоог нөхөд байсан. Зарим нь бүр социнтерн-д ч тууж явсан байх шүү. Тэд салж нэг нэрээ солиод, нэгдэж нэг сольдог л улс. Энэ нь тэднийг нялхсын үедээ хийж байсан түмэн нүглээс салгаж өгсөн хэрэг. “Анархист, партизан, хулигаан, хулгайч дээрэмчдийн” гэдэг имижээсээ салцгаасан. Ардын намынхантай зиндаархах хэмжээний тохьтой томоотой улс болж бойжлоо шүү гээд ард олон мандатаа өгдөг болсон. (Худлаа гэвэл 1990, 1992, 2000 оны сонгуулийн дүнг хараарай. Тухайн цагтаа шударга үнэний туйл болж байсан энэ хүмүүс яагаад олигтой мандат ард олноос авч чаддаггүй байсан юм бэ). Одоо Ардчилсан намынхан “Ардын намын хулгайчууд дандаа засаг барьсан” гээд уйлах гэж байгаа ч юм шиг хорсоод байгаа ч юм шиг юм ярьдаг. Ер нь хорссоноос уйлах нь “зөв” процесс юм шиг. Хэрэв хорсвол эргээд “мальчик”-дана шүү дээ. Иймд олон болсон Ардчилсан нам энэ үедээ чанаржих нь Монголын нийгмийн амьдралд маш чухал нөлөөтэй хэрэг болох юм. Эрх барих ирээдүйтэй Ардчилсан нам, Ардын намын аль аль нь алдааны цуглуулгаасаа цаг үргэлжид хаяж явж сурвал тэр чинээгээр нийгэмд тусаа өгнө.
Эцэстээ нам гэдэг чинь чанар сайтай хүмүүсийг цуглуулах талбар байх ёстой. Манайхан хулхиддаг улсыг улс төрд тоглохдоо адтай сайн гэж үзээд байх шиг. Хулхи бараа огцом мөнгө олдог боловч нас богино. Жишээ нь, би хулхи гутлыг нэг улирал өмсөөд дахин хэзээ ч өмсөхгүй. Хэдий тэнэг ч гэсэн. Харин хулхи биш гутлыг тосолж байгаад л жийгээд туугаад байна шүү дээ. Брэндийг босгоход хэцүү. Гэхдээ нас урт. Хүмүүсээс итгэл үнэмшил авна. Хулхи бол нэг шуугиулаад л өнгөрөө. Иймд брэнд болсон нам сайн гутал шиг тослуулаад л ард түмэнд өмсүүлээд байх хэрэгтэй л дээ. Сүүлийн үед МАХН-ыг Ардын нам болгосон нөхдүүдтэй тооцоо бодно гэсэн яриа их гарах болж. Нэгэнт өнгөрсөн түүхтэй хэн тооцоо боддог юм бол доо. “Ардын нам” гэдэг нэр бол сайн нэр. Түүний үнэ цэн өндөр боловч брэндэд хүргэх нэр. Одоо Ардын нам дотор “нэрээ сольсноос боллоо” гээд гасалсан баахан хүн байх юм.Энэ чинь 90 гаруй жилийн өмнө Дэлхийн буйдад байсан бүдүүлэг харанхуй Монгол орны ард олны язгуур хүсэл эрмэлзлэлийг тээж гарч ирсэн нэр л дээ, уг нь.
Саяхан Нэгдсэн Орос намын Их хурал боллоо. В. Путин “Ардын нам” гэдэг нэр өгөх далд санаа хурлын төлөөлөгчдөд өгсөн авч тэд нь ойлгосонгүй бололтой. Уудам Орос орны эрх барьж буй Их хуралд өвөл болдог хот Ухтагаас Мороз (Цанхүйрэг) гэдэг хүн ирж байхад өвөлгүй зунаараа шахуу байдаг Бухтагаас Жарко (Халуун халцгай гэж) гэсэн хүн ирнэ шүү дээ. Уран дүрслэлээр хэлэх гэсэн ухаантай юм. Иймд энэ бүх хүнийг нэг долгион дээр сэтгэхийг хүлээнэ гэдэг хэцүү л дээ. Гэвч тэд нэгдмэл орос байж чаддагт л гайхамшиг нь байна даа.
Монголын нийгмийн хүлээлт явж байна. Ардын нам хэрхэн өөрчлөгдөх бол гэж. Арав хоногийн дараа Их хурлаа хийх нь. Ер нь бол нам ийм байх ёстой, тийм байх ёстой гээд элдвийн цэц мэргэний уралдаан сүүлийн 20 гаруй жил сонсогдлоо. Эцэстээ нам гэдэг нь саран мэт гийдэг нь байна уу, наран мэт гэрэлтдэг нь байна уу, дэлхийн аль намд ганцхан л зорилго-бодлого байгаа. Тэр нь ард түмэнд тоогдох. Ердөө л энэ. Ард түмнээр хүрээлүүлэх. Хүмүүсийг түлхэх биш хүрээлүүлэх. Энэ бол орон нутагт бүр их хамаатай. Тэнд л чанарлаг хүмүүс байж сонгуульд ялна. Одоо намын шинэчлэл гэхээр намын дарга, ерөнхий нарийн бичгийн даргыг тойрсон бооцоо л яваад байх шиг. Угтаа бол аль ч намын байр суурийг тодорхойлогч-орон нутгийн намыг чанарлаг хүмүүсээр бүрдүүлэх тэр механизмыг ганц Ардын нам ч биш бүх нам ярьж байх ёстой. Тэгж байж цаад утгаараа Монголын хөгжилд өгөөжөө өгнө. Тийм учраас намын шинэчлэл дээрх хоёр даргад хандсан бооцоо тавьж гангарахаас гадна орон нутагт хандсан байвал чухам сайнсан даа. Ардын намын даргын хувьд нэгэнт сөрөг хүчин болсон нам УИХ доторх 26-гаасаа л намын даргаа сонгохоос өөр аргагүй юм. Өөр аргагүй. Парламентын хаалгаар шагайх эрхгүй намын дарга байж болохгүй байх. Хэрэв тийм дарга байж гэмээнэ улс төрийн бодлогоос ангид байх болно. Гаднаас Шварцнеггер ирээд ч “Терминатор 3” л болж болохоос цаашгүй болов уу. Тэгэхдээ тэд яах нь тэдний хэрэг шүү дээ. Өөртөө таарсан энгийн логикоор л ингэж бодож байна.
2.
Дээр хэлэх гэсэн санаагаа дэлгэрүүлэхийг хичээе. Өөрөөр хэлбэл, нам дороосоо өсөх тэр замыг сонгох нь чухамхүү чухал юм. Энэ бол аливаа намын шинэчлэлийн амин сүнс. Одоо яаж байна вэ. Хараад байхад Монголын нийгэм Ардчилсан нам, Ардын нам, МҮАН, МАХН, ИЗНН гэсэн брэнд-нам түшиж амьдарч байна. Тэгвэл энэ брэнд-намууд маань нэг зүйлийг үл мартаж болно. Тэр нь чадварлаг, чанарлаг хүмүүсийг үйл ажиллагаандаа татан оролцуулах механизмыг дүрэм, бодлого, элдэв баримт бичгэндээ суулгаж чадаж гэмээ нь тэр нам л ирээдүйг харсан нам болж чадах байх. Намын шинэчлэл гэдэг нь энэ л байх. Манай нийгэм энэ хүртэл төлөвшихийг хүсч буй. Хөөрхийдөө, улс орон минь учраа олоогүй явна. Улсын төсвөөс хамаг юм хамааралтай. Улс маань хамгийн том худалдан авагч, хамгийн том мөнгө тараагч. Иймд нам дагаж дарга болж, амьдралаа өсгөж, “авгай хүүхдэдээ загнуулахгүйхэн шиг амьдарья” гэсэн хүмүүсийг буруутгах нь утгагүй юм. Иймд намын гишүүд маань өөрсдөө чанаржих, дор дороо хүмүүжих нь шинэчлэл байх. Ёс суртахууны хувьд болон хүний нийгмийн үнэт зүйлийг хадгалахын төлөө шүү дээ. Бидний багад эцэг, эх маань загнахдаа “Дэгтэй бай” гэж хэлдэг байлаа. Дэгтэй байцгаая тэр маань л шинэчлэл юм шүү дээ. Америк, Япон, Баруун Европ шиг тогтвортой, амар амгалан амьдралд хүрэхэд зай бий биз ээ. Гэхдээ бид тэдэн рүү үнэн голоосоо дөхөх хэрэгтэй. Тэнд бол шинэчлэл болгон, реформ болгон (хувь процентийг нь мэдэхгүй юм. Зөвхөн миний төсөөлөл шүү дээ) тогтвортой байдал, улам амгалан амьдралыг авчирдаг болов уу. Тэнд ард түмнээр хүрээлүүлэхийн тулд алдахыг хүсдэггүй. Энэ бол миний төсөөлөл биш үнэн. Харин бид бол алдахаас айдаггүй. Яагаад гэвэл бид өнөөдрийн ялалтын төлөө л амиа тавихаас буцдаггүйд л хэргийн учир байна. Ёстой өнөө шилжилтийн үедээ явж байна. Тийм учраас бидэнд динамик хөдөлгөөн байнга шаардагдаж байна. Тэр хөдөлгөөн маань зөв тал руугаа алхам алхмаар явах ёстой байх. Тийм ч учраас бүх хууччуулаа хасч хаячихаад “Бүх дэлхийг бүрхсэн Октябрийг” байгуулахыг ярьж байгаа хүмүүс ч байна. Тийм учраас бүгдээрээ тогтвортой динамик хөдөлгөөн рүү явцгаая. Нам ч бай, зам бай. Одоохон доо бид германууд шиг 80 сантиметр зузаантай зам тавих бололцоогүй шүү дээ. Хөрөнгө алга. Харин нам бол хүний оюун санаанд байдаг учраас германууд шиг байхыг үзээд алдах уу. Яадгийм!
Х.БҮРЭНТОГТОХ
|
|