Нэвтрэх Бүртгүүлэх
 
Хаягдлаас бүтээгдэхүүн
DSCN4284-15602.JPG
11 сар 1 өдрийн өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

Э.Болорчимэг: Хаягдал торгодаавууны өөдсөөр бүтээгдэхүүн хийж байгаль орчноо ч хамгаалж байна


Байгаль орчин, хүрээлэн буй орчныг хамгаалахад өөрийн хувь нэмрээ оруулж яваа нэгэн хамт олныг уншигчдадаа танилцуулъя. Энэ бол “Зүймэл даавуу урлал төв” юм. Тус төв нь 2003 оноос эхлэн даавуу, торгоны хог хаягдлыг ашиглан бүтээг­дүүн хийх технологийг олон хүнд сургаж, олон хүнийг ажлын байраар хангаж иржээ. Оёдлын үйдвэрүүдийн ямар ч хэрэгцээгүй гэж хаядаг даавуу, торгоны өөдсийг ашиглан цүнх, ши­рээ, ор, сандлын бүтээлэг, бүрээс зэрэг ахуйн хэрэглээний олон зүйлийг тэд урладаг байна. Ямар ч хог хаягдал үлдээхгүйгээр ашигладаг учир нэг талаараа байгаль орчинд ээлтэй гэж хэлж болох юм. “Зүймэл даавуун урлал төв”-ийн ахлах менежер Э.БОЛОР­ЧИМЭГТЭЙ ярилцлаа.

 

-Хаягдал даавуу, торгоны өөд­сийг ашиглан бүтээгдэхүүн хийдэг гэлээ. Хаягдлаа оёдлын үйлдвэрүүдээс авах уу?

-Оёдлын салон, үйлдвэрээс дээл, торгоны эсгүүрээс нь үлдсэн өөдсийг ашигладаг. Ер нь дээл, хувцас хийдэг салоноос хаягдал даавуу авдаг. Мөн буйдангийн бүрээс хийдэг компаниуд ч хаягдлаа явуулдаг. Буйдангийн үйлдвэрээс нэлээд том хэмжээтэй хаягдал даавуу ирдэг учраас цүнх, эсвэл нийлүүлж байгаад орны бүтээ­лэг хийхэд маш тохиромжтой бай­даг. Манай зүймэл даавуун урла­лын төв нь гар урлалын талаар сур­галт явуулдаг. Сургалтад хамрагдсан хүмүүс эргээд манайхтай гэрээтэй ажилладаг. Гэхдээ тухайн хүнийг нэг чиглэл рүү нь түлхүү сургадаг. Өөрөөр хэлбэл, нэг цүнх оёх гэж байгаа бол цүнхний нүүр хэсгийг зөвхөн нэг л хүн дангаараа оёно. Бас нэг нь арын хэсгийг эсгэж, тэр хоёрын өгсөн хэсгүүдийг нийлүүлж цүнх болгож оёхыг өөр нэг хүн хийдэг. 

-Тэгэхээр нэг цүнхийг дор хаяж гурван хүн нийлж эцсийн бү­тээгдэхүүн болгоно гэсэн үг үү?

-Ер нь бол тийм. Хэсэг хэсгээр нь хувааж оёх чиглэлээр ажилладаг. Нэг хүн олон төрлөөр оёж чаддаг байх ёс­той гэсэн шаардлага тавьдаггүй. Цүнх­ний нүүр хэсгийг оёх чиглэлээр мэр­гэшиж болно гэсэн үг. Энэ нь эр­гээд олон хүнийг ажилтай байлгах нэг хэлбэр. Манай төвийн сургалтад хөгжлийн бэрхшээлтэй, ар гэрийнх нь байдал хэцүү, ажил хийж чаддаггүй хүмүүс ихэвчлэн хамрагдаж, дараа­гаар нь манайд гэрээгээр ажилладаг. 

-Танай төв дээр ирж ажиллах уу, эсвэл гэрээсээ бүтээгдэ­хүүнээ хийж явуулдаг юм уу?

-Гэрээрээ ажилладаг. Нялх хүү­хэд­тэй, хөл гар муутай гээд хүндэтгэх шалтгаантай  хүмүүс олон байдаг. Энэ хүмүүс манай  20 хоногийн сургалтад явж өөрийн хийх зүйлээ сурч авдаг. Дараагаар нь, гэрийнхээ хэн нэгнийг явуулж манай төвөөс материалаа ава­хуулж, эргээд түүгээрээ оёсон зүйлээ явуулдаг. Ийм маягаар ажилладаг.

-Танай төвийн сургалтад сурч, гэрээрээ ажил­лаж байгаа хэч­нээн хүн байна вэ?

-Манай төв байгуулагдаад 10 жил болоход 20 гаруй мянган хүн сургал­тад суусан байна. Энэ хэрээр маш олон хүн ажлын байртай болсон. Оёдолчин хийж байгаад дун­даас нь өөр ажилд орсон хүн ч байна. Тусдаа оёдлын газар байгуулан ажил­лаж байгаа нь ч бий. Одоогоор манай төвд 30 гаруй хүн гэрээтэй тогтмол ажил­лаж байна. 

-Тэгэхээр гэрээрээ юм оёж бай­гаа хүмүүс хийсэн бүтээгдэ­хүүнээ танайд нийлүүлж, цалин авч ажиллаж байгаа хэрэг үү?

-Тиймээ.30 гаруй хүн тогтмол ажилтай орлоготой байна гэсэн үг. Тухайн нэг оёдолчин өөрийнхөө гарш­сан хэсгийг 30, 40-өөр нь оёод манай төв дээр аваад ирэхэд тус бүрийг нь үнэлж худалдан авдаг. Тухайлбал жижиг гар цүнхний нүүрний хэсгийг нь оёход 2000 төгрөгөөр үнэлж авдаг. Энэ нь бусад газартай харьцуулахад нэлээд өндөр үнэлгээнд тооцогд­дог.Оёсон зүйлээ үнэлүүлээд 14 хоногт тогтмол цалин авдаг. Өвлийн улиралд ачаалал бага байдаг учраас оёдолчид гэрээсээ өөрийн чадах чи­нээгээр бүтээгдэхүүн урлаж, манай төвийн дэргэдэх дэлгүүрт бүтээгдэ­хүүнээ борлуулдаг. Энэ нь тухайн хүний өөрийнх нь орлого болдог. 

-Цүнх, орны бүтээлэг хийхэд ашиглаж болохгүй жижиг хог хаягдлаар юу хийдэг вэ?

-Ямар ч хог хаягдал үлдээлгүй хийж болох бүх зүйлийг хийдэг. Бүр жижиг, ямар ч юм оёх боломжгүй өөд­сүүдийг өөрсдөө шуудайд бөөгнүүлж байгаад, Батсүмбэрийн асрамжийн тө­вийн эмээ өвөө нарт 100 гаруй ширхэг дэр хийж өгсөн. Тэгэхээр ямар ч хаягдал, хог үлдээдэггүй гэсэн үг. 

-Манайд даавуу, торгоны хаягд­лаар бүтээгдэхүүн хийж байгаа газар хэр олон байдаг юм бэ?

-Нэлээд олон байгаа. Гэхдээ манай төв зүймэл урлал буюу гар урлалын төвийг Монголд анх байгуулж ажилласан. Тиймээс цаашид улам хөг­жүүлж ажиллах зорилготой ажиллаж байна. Манайх даавуу, торгоны өөд­сийг ашиглаж бүтээгдэхүүн үйлдвэр­лэдэг, үүнийгээ эко бүтээгдэхүүн гэж бод­дог. Дээл эсгээд өөдсийг нь хаядаг, хэн ч хэрэглэдэггүй, аль эсвэл бөөг­нүүлж байгаад шатаадаг. Тэр хог хаягдлыг шатаахад ямар хэмжээний  утаа гарах, эсвэл хээр хаявал хэр хэмжээний талбай бохирдох вэ гэд­гийг хүн бүр бодоод үзээрэй. Бид үүнийг бодож үзэн даавуу торгоны өөдсийг ашиглан бүтээгдэхүүн хийж, түүнээс гарсан жижиг хаягдлаар дэрний уут хийж байна. Тиймээс дахин ашиглаж байгаа гэдэг утгаараа эко бүтээгдэхүүн болж байгаа юм. Ер нь сургалтаараа дамжуулан эмэг­тэйчүү­дэд байгаль орчноо хамгаалах талаар мэдлэг олгож, дээр нь ажилтай болгох зорилготой ажилладаг. Манай төвд оёдлын машин огт эргүүлж үзээгүй хүмүүс ирээд янз бүрийн бүтээгдэ­хүүн хийх чадвартай болдог. Сургал­тад суусан хүмүүс мэргэж­лийн эр­хийн бичигтэй төгсдөг. 

-Сургалтад ямар хүмүүс ихэвч­лэн суудаг вэ?

-Манай сургалтад ихэвчлэн ажил­гүй, өрхийн орлого нь хүрэлц­дэггүй, өрх толгойлсон эмэгтэйчүүд олноо­роо ирж хамрагддаг.

 -Бүтээгдэхүүнийхээ загвар дизайныг хэрхэн гаргадаг вэ?

-Аливаа бараа бүтээгдэхүүн хэ­рэг­лэгчдийн эрэлт хэрэгцээнд үндэс­лэн бий болдог. Тиймээс манай заг­вар зохион бүтээгчид эхлээд хэрэг­лэг­чээ судалдаг. Түүнээс биш өөртөө сайхан санагддаг бүхнийг оё­доггүй. Орчин үеийн загвар хийцийг байн­га судалдаг. Мөн өөрт байгаа ма­териа­лаа бодолцож загвараа гаргадаг.

 -Танай сургалтад суух сонир­холтой хүмүүс хэчнээн төгрө­г төлдөг вэ. Ямар төрлийн сур­галт явуулдаг юм бэ?

-Төлбөртэй, төлбөргүй гэсэн хоёр төрлийн сургалт явуулдаг. Тогтсон ажилгүй гэртээ сууж байгаа хүмүүст зориулж Нийслэлийн Хөдөлмөрийн газартай хамтран 20 хоногийн үнэгүй сургалт явуулж төгсөхөд нь чадам­жийн гэрчилгээ олгодог.Харин ажилтай хэрнээ юм оёх сонирхолтой хүмүүст зориулж тав, таван хоногийн шатал­сан сургалт зохион байгуулдаг. Тав хоног нь 60 мянган төгрөгийн төлбөр­тэй. Долоо хоногийн нэг өдөр гадаад багш ирж хичээл заадаг.Сургалтад суусан хүмүүст зүймэл урлалын бүх технологи буюу хээ, угалз бүрийг хэрхэн оёхыг нэг бүрчлэн зааж өгдөг юм. Хамгийн сайн сурч байгаа оё­долч­ноороо маш нарийн мэдрэмж шаардсан бүтээгдэхүүнээ оёулдаг. Зарим хүний оёсон бүтээгдэхүүн нь урлагийн бүтээлд орох тохиолдол ч гардаг. Тухайлбал дэр, өлзий хээтэй цүнх оюуны өмчийн газар патент­лагдсан байгаа.

Э.МӨНХЦЭЦЭГ

3.jpg
Picture 465.jpg
Code. BAG-BSG.1 bag front.JPG
Code. BAG-BSO-1 example 1.JPG
Untitled-19.jpg


 
Сэтгэгдэлүүд (0)
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.