Сангийн сайдгүй төсөв
Сангийн яамны бүтэн жил хийдэг ажил нь үнэндээ төсөв зохиох л байдаг. Ерөнхий сайд Н.Алтанхуяг ч 2014 оны төсвийн төслийг УИХ-д танилцуулахдаа энэ талаар хэлж байсан. “Засаг бүтэн жил чардайж байж боловсруулсан төсөл юм шүү” гэсэн түүний үг төсөв ямар чухал болохыг хэнд ч ойлгуулчихаж байгаа болов уу. Популист улстөрчдөөр ажлаа баллуулахгүйн тулд Сангийн сайд нь өөрөө УИХ дээр төсвөө хамгаалдаг нь ч үүнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, Сангийн сайдын хамгийн том ажил нь төсөв боловсруулахаас гадна, төсвийн төслөө парламент дээр хамгаалах юм.
Төсөв ямар чухал болохыг, Сангийн сайд ямар үүрэгтэй болохыг төсвийн хэлэлцүүлгүүд ч өөрөө харуулж байдаг. Саяхан даа, хамтарсан Засгийн газрын үед замын түгжрэлээс болж төсвийн хэлэлцүүлгээс яльгүй хоцорсон Сангийн сайд С.Баярцогт Ёс зүйн дэд хорооноос “ял” сонсохдоо тулж л байв. УИХ-аар тодотгол хэлэлцэх нь гээд Ерөнхий сайд Сү.Батболд гадаад айлчлалаа цуцалж байсан удаа ч бий. Төсөв өөрөө Монголын бүтэн жилийн амьдралыг зохицуулдаг болохоор түүнд хандах хандлага нь ч өөрөө ийм л байдаг юм. Нэг ёсондоо төсөв бол Засгийн газрын бүтэн жил хийх ажлын мөнгөн дүнгээр илэрхийлсэн баримт бичиг нь. Тиймээс л аль ч засгийн үед төсвийн хэлэлцүүлэгт хандах хандлага чуулганы жирийн хэлэлцүүлгээс тэс ондоо байдаг билээ.
Харин шинэчлэлийн Засгийн газрын үед төсвийн хэлэлцүүлэгт хандах хандлага ч “шинэчлэгдэж” байгаа бололтой. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж чуулганы нэгдсэн хуралдаан дээр ёжтой ч гэсэн энэ талаар үнэнийг хэлчихсэн. Тэрээр “Өчигдөр, өнөөдөр өрнөж байгаа хэлэлцүүлгийг хараад үнэхээр харамсч байна. Өчигдөржингөө микро гэдгээ гайхаж, чуулганы хуралдааныг инээдэм ханиадам болголоо. УИХ-ын гишүүдийг арай л доромжилж байгаа юм биш үү. УИХ дээр Засгийн газрын гишүүд, сайд нар худал ярих нь энгийн үзэгдэл болж. Улс орны ирэх оны төсвийг хэлэлцэж байхад номхон команд авсан цэрэг шиг зогсч байгаад танилцуулах ёстой” гэж хэлж байлаа.
Номхон командтай зогсох нь хаашаа юм гэхэд төсвийн хэлэлцүүлэгт үл тоож хандахгүй л байх учиртай юмсан. 2014 онд Монгол Улс яаж амьдрах, ямар замаар явах вэ гэдгийг ярьж буй төсвийн хэлэлцүүлэг тоглоом, тохуу шиг болоод байгаа нь ерөөсөө л Сангийн сайдтай холбоотой.
Шинэчлэлийн Засгийн газарт МАХН-ын квотоор сууж байгаа Ч.Улаан сайд төсвийн хэлэлцүүлгийн үеэр бараагаа ч харуулсангүй. Яамныхных нь хэлж байгаагаар Сангийн сайд Ч.Улаан АНУ-д болж буй ОУВС-гийн хуралд суухаар явсан юм байна. Эх оронд нь улсын төсөв хэлэлцэж байхад, АНУ-д “семинарт” суухыг Сангийн сайд маань илүү чухалд тооцжээ. Ч.Улаан Сангийн сайдаар гурав дахь удаагаа томилогдсондоо бардсан уу, МАХН-ын квотдоо найдсан уу ямартай ч төсвийн хэлэлцүүлэгт ирсэнгүй. Яг л УИХ-ын дэд даргын албан тушаалаа Сангийн сайдын суудлаас багад тооцсон шигээ улсынхаа төсвийн хэлэлцүүлгийг ОУВС-гийн хурлаас дорд үзсэн бололтой юм.
Хамгийн гол нь энэ үйлдэл нь нэг биш, нэлээд хэдэн удаа давтагдаж байгаад л учир байна. Ноднин хүртэл Засгийн газрын хуралдаан дээр ярьснаасаа тэс ондоо заалтууд төсөвтөө оруулчихаад өөрөө бас л гадаад руу “зугаалчихсан” байсан тохиолдол Ч.Улаан сайдад бий. Өөрөөр хэлбэл, жил жилийн төсвийн эхний хэлэлцүүлгүүд Сангийн сайдгүй л өрнөж байна.
ТӨСВИЙН ХӨӨСИЙГ ҮЛЭЭЕ
Ямартай ч Сангийн сайдгүй төсөв УИХ дээр анхны хэлэлцүүлгээ давлаа. Инээд, наргиан болгоод ч болов Ерөнхий сайдын анхны хэлэлцүүлгийг нь авч гарсан ирэх оны төсөв өөрийн гэсэн онцлогтой болсныг тодотгох ёстой. Төсвийн мөнгөөр зүгээр л гараа угаадаг, дураараа цацдаг байдлыг зогсоох шинэчлэлийн Засгийн газрыг санаачилгыг бүгд дэмжих байх. Нэг аймгийн зэргэлдээ гурван суманд нэг ижил сургуулийн барилга барих өртөг гурван янз байгааг жигдлэх нь яаж ч бодсон зөв л дөө. Зураг төсвийн, зохион байгуулалтын энэ мэт алдаагаа засаад ороод ирснийг нь сөрөг хүчин ч дэмжиж байна лээ. УИХ-ын гишүүн, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга Ж.Эрдэнэбат “Төсөв хөөстэй гэсэн Ерөнхий сайдын дүгнэлтийг хүлээн авч байна” гэсэн нь үүний нотолгоо болов уу. Өөрөөр хэлбэл, тогтолцооны гажуудлаас болсон төсвийн үрэлгэн байдлыг засах ажил шинэчлэлийн Засгийн газарт ногдлоо. Үүнийг ч Ерөнхий сайд төсвийн танилцуулгыг УИХ-д хийхдээ онцолж байсан. Магадгүй өөлөх хүнд микро гэмээр сэдэв ч өмнө нь хэний ч ярьж байгаагүй энэ сэдвийг хөндөхөөс өөр аргагүй юм.
2000 онд манай улсын төсвийн нийт зарлага 430 тэрбум төгрөг байсан бол 2013 онд 7.4 их наяд болж өсчээ. 13 жилийн дотор долоон их наядаар төсвийн зарлага өсөхөд бараа үйлчилгээний зардал ес дахин өссөн нь нөлөөлсөн. Дарга, даамлуудын ширээ сандал, эд хогшил худалдаж авах зардал 5.1 дахин, урсгал засвар 2.7 дахин, гадаад томилолтын зардал найм дахин нэмэгдсэн гээд тоочвол “тэвчиж болох” олон юм өсчээ. Хамгийн гол нь төсвийн мөнгөөр хийж байгаа юм бүхэн хугацаандаа амжихаа болиод буйг энэ засаг өөрчлөх гэж оролдсон нь сайн хэрэг. 800 саяар босох байсан байшин найман тэрбум болж хувирдаг байдлыг арилгах нь зүйн хэрэг. Энэ мэт төсөвт байгаа хөөсийг үлээх бодлогыг Засгийн газраас оруулж ирлээ. Үлээсэн шиг үлээхийг олон нийт хүлээж байна.
ТӨСВИЙГ ХЯНАЛТТАЙ БАТАЛЖ ЧАДАХ УУ
Тусгай дэгээр хэлэлцдэг цөөхөн хуулийн нэг нь улсын төсөв байдаг. Заавал дөрвөн хэлэлцүүлэг хийж баталдаг, тодорхой хугацаанд хэлэлцдэг гээд төсөв дээр нарийн зохицуулалтууд бий. Гол нь мэргэжлийн Байнгын хороод салбар бүрээр нь хэлэлцэж, Төсвийн байнгын хороон дээр нэгтгэдэг зохицуулалттай. Гэвч өнөөдөр Төсвийн байнгын хорооны бүрэлдэхүүн, ер нь л Байнгын хороодод байгаа гишүүдийн харьцаа нам, намаараа харилцан адилгүй байна. Өөрөөр хэлбэл, УИХ-д 26 суудалтай МАН-ын бүлгийн гишүүдийн нэг Байнгын хороонд харьяалагдах тоо нь 11 суудалтай “Шударга ёс” эвслийнхнээс бага байгаа юм. Тиймээс ч сөрөг хүчний зүгээс аливаа хуульд хяналт тавих боломж, бололцоог олгохыг шаардсаар өдийг хүрсэн. Одоо тодотгол хийх гэж байгаа 2013 оны төсөв 1.5 их наядаар орлого нь дутсаныг сөрөг хүчин эрх баригчидтай л холбож тайлбарлаж байгаа. Ингэхдээ “Бидний оролцоогүй, өөрсдөө л хэлэлцээд баталсан төсөв шүү дээ. Мэргэжлийн байнгын хороодод сөрөг хүчний төлөөллийг хангалттай оруулаагүй” гэж ярьж байна лээ. Тэр нь ч зөв болов уу. УИХ-ын бараг 40 хувийг бүрдүүлж байгаа МАН-ын бүлэг мэргэжлийн Байнгын хороодод аравхан хувийн төлөөлөлтэй оролцож байгаа нь хяналт тавих бололцоогоор хангагдаагүйтэй л адилхан. Ард түмний 40 хувийн тусгалыг асуудалд бүрэн оролцуулалгүйгээр Байнгын хороод дээр шийдэж байна. Тиймээс ч МАН-ынхан нэг Байнгын хороонд харьяалагдах гишүүдийн тоог УИХ-д авсан суудалтайгаа харьцуулж тогтооё гэсэн санал тавиад байгаа юм билээ. Улсын төсвийн хэлэлцүүлэг эхлээд буй энэ үед тэдний саналыг дэмжээд явах нь олонхийн бүлэгт л хэрэгтэй болов уу. Ирэх жил төсөв дээр ямар нэгэн асуудал гарахад сөрөг хүчин өнөөдрийнх шиг “Бидэнд хамаагүй” гээд хэлж чадахгүй шүү дээ. Хамгийн гол нь мэргэжлийн Байнгын хороодод намуудын төлөөлөл тэнцүү орох нь хэт нэг талыг барьсан шийдвэр гарахаас, нөгөө л үрэлгэн байдал давтагдахаас сэргийлж чадах болов уу.
Ч.ГАНГЭРЭЛ
|
|