Нэвтрэх Бүртгүүлэх
 
П.Сэрдамба: Медалийнхаа өнгийг өөрчлөх зорилготой байна
l2-9665.jpg
6 жил 8 сарын өмнө | Түгээх :
1 Санал өгөх

Хорин хэдхэн хоногийн дараа монголын баг тамирчид 2012 оны  Лондонгийн олимпийг  зорих билээ. Тэд аль хэдийн бэлтгэл сургуулилтандаа гарсан. Бидний сурвалжлах хэсэг Орхон аймгийн Эрдэнэт хотын “Сэлэнгэ” амралтын баазад байршин бэлтгэлээ хийж буй боксын тамирчидтай уулзсан юм. Сэрдамба тэргүүтэй тамирчид маань  нарсан ойд бэлтгэлдээ гарч байгаа бөгөөд өндөрлөг, хүчилтөрөгч ихтэй газар бэлтгэлээ хийх нь үр дүн сайтай байдаг гэсэн. Тэднийг Эрдэнэт хотын ГОК-оос хоол унд, бэлтгэлийн бааз зэрэг бүхий л зүйлээр хангаж байгаа юм билээ. Монголын баг тамирчдаас 40-өөд хүн хамт байрлан бэлтгэл хийхэд нь тусалж байгаа бөгөөд Буриад, Казакстаны тамирчид мөн ирж хамтарсан бэлтгэл хийж байгаа юм байна.  

П.Сэрдамба: Медалийнхаа өнгийг өөрчлөх зориолготой байна

-Олимп болоход хэдхэн хоног үлдлээ. Бэлтгэл хэр байгаа вэ?

-Бэлтгэл сургуулилт гайгүй сайн байна. Бидэнтэй бэлтгэл хийхээр гаднаас буюу Улаан-Үд, Казакстаны  тамирчид өнөөдөр  ирсэн. Маргаашнаас хамтарсан бэлтгэлдээ орно доо.

-Бэлтгэл хийхэд орчин хэр нөлөөлөх вэ?

- Бид  энд долоодох жилдээ ирж байна. Бэлтгэл хийхэд орчин их нөлөөлнө. Улаанбаатарт бэлтгэлд хийх өөр. Гадагшаа дотогшоо ар гэрийн ажил ч гэдэг юмуу, орж гарах асуудалтай байдаг. Энд бол бэлтгэлээ л хиигээд л амарна, бэлтгэлээ хийгээд л амардаг.

-Энэ нарсан ой юм байна. Нарс мод агаарыг илүү цэвэршүүлдэг гэдэг?

-Ер нь бол хүчилтөрөгчтэй, өндөрлөг  газар  бэлтгэл хийх сайн л даа.  Тамирчид өндөрлөг газар бэлтгэл хийж байгаад далайн түвшинтэй ойр газар очиход ядралт багатай байдаг.

-Боксынхны хувьд гол бэлтгэл юу байдаг вэ? Жишээлбэл буудлагынханы хувьд  анхаарлаа төвлөрүүлэх гэж байсан?  

-Бүхий л бэлтгэл маань үр дүнтэй, ач холбогдолтой, чухал байдаг. Байнгын хөдөлгөөн,  авхаалж самбаа их  хэрэгтэй.

-Өмнөх олимпид 48кг-д тоглож байсан. Энэ жилийн хувьд өөрчлөлт гарсан уу?

- Манай сонирхогчийн боксод жингийн өөрчлөлт гараад би 49кг-д тоглохоор болсон.  48кг  нь 49 , 57кг нь 56кг, 51кг 52 болсон. Бадар-Ууганы аварга болсон 54кг гэж бүр байхгүй болсон л доо. 54 бас 56 болсон. Доод жинд дөрвөн өөрчлөлт гарсан л даа.

-Бадар-ууган энэ жил олимпид орохгүй гэдгээ албан ёсоор хэлсэн. Гол итгэл хүлээлгэж байгаа хүн бол Сэрдамба?

-/инээв.сурв/ Гадны тамирчидтай бэлтгэл хийж байна.  Ес хоногийн өмнө бид  Лондонд очно. Бэлтгэл гайгүй сайн байвал болох байхаа.

-Өмнөх олимпид бэртлээс болоод мөнгөн медаль хүртэж байсан. Энэ жил бас тооцоолоогүй хүндрэл бэртэл гарчих вий гэж айж байгаа?

-Одоо ч  бэртэлтэй  байгаа л даа. Тэрийгээ хөндчих вий гэж бэлтгэлээ хийж байна. Гадны тамирчидтай хамаагүй бэлтгэл хийвэл сэдрүүлчих магадлалтай. Хаанаа гэмтэлтэйгээ хэлдэггүй. Тухайн өрсөлдөгч тамирчинд бас мэдээлэл болох учраас.

-Ямар улсын тамирчидтай тоглох вэ? Тамирчидаа хэр судалсан бэ?

-Тэрийгээ бол мэдэхгүй байгаа. Очоод л жингээ үзээд, сугалаа сугалдаг. Манай жинд 26 тамирчин орно. Жин жин өөр байдаг. Тэгээд  26 юмуу 28 тамирчин  орно. Тоглох өдрүүд нь гарчихсан. Харин тоглох тамирчид нь гараагүй байгаа. Гэхдээ  тамирчдаа хараад мэднэ.

- Аль улсын тамирчид хүчтэй өрсөлдөгч байх вэ?

-Хятад, солонгос, казак, орос, куб гээд бүгд л сайн. Ер нь бол муу тамирчидтай газар байхаа боличихож. Өмнө нь бол дэлхийн аваргыг кубын тамирчид  7, 8-аар нь алтан медалийг нь  аваад явдаг байсан бол одоо нэгийг ч юмуу авах жишээтэй. Хүмүүс үүнийг хараад кубыг муудсан байна гэдэг. Гэтэл тийм биш. Бусад нь сайн болсон. Кубтэй зэрэгцээд нэг түвшинд ирсэн байна.

-Аливаа урлаг , спорт,  тамирчдын  дуугардаг зүйл бол ивээн тэтгэлэг байдаг. Тамирчдыг санхүүгийн болон сэтгэл санааны байдлаар дэмжихгүй бол болохгүй шүү дээ? 2008 оны олимпоор тэр нь мэдрэгдэх шиг болсон. Хувь хүн , компаны зүгээс хэр дэмжиж байна вэ?

-Ер нь бол сайн байгаа. Энэ жил урьд урьдынхаасаа илүү байна. Анх Олимпид орох гэж байхад нэг тэрбум төгрөг төсөвлөж өгдөг байсан бол одоо 3-4 тэрбумын төсөвлөж байна. Бэлтгэл хийх бааз, хоол хүнс гээд бүх юм хангалуун сайн байгаа. Манайх уулын баяжуулах эрдэнэт үйлдвэр дээр жил болгон бэлтгэл хийдэг. Манай холбооны захирал Ганзориг, дэд захирал Бат-Энх нар ажилладаг.

-Та бас шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тамирчин гэж явдаг байхаа?

-Тиймээ,  би шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тамирчин. Тэндээсээ цалинжина. Цэргийн хошууч цолтой. Цэргийн ажлаа хийхгүй ч гэсэн арга хэмжээ болоход хувцасаа өмсөөд очих шаардлага гардаг.

-2008 оны олимпийн дараа монголчууд анх удаа нам, улстөрийн харьяалал,  үзэл бодол бүх юмаа гээгээд цул болсон агшин бол тэр үе байсаан. Олон хүн маш олон зүйлийг амласан. Дараа нь өгсөн өгөөгүй  асуудал гарч байсан. Амлалтууд бол яг биелсэн үү? Цалин хэр нэмэгдсэн бэ?

-Олимпоос медаль авлаа гээд нэмэгдэх юм байхгүй л дээ. Тухайн үед зурагтаар л баахан юм амласан гэсэн. Би яг тэрийг нь нүдээрээ үзээгүй, чихээрээ сонсоогүй л дээ. Хүмүүс маш их амласан гэж байсан ч би нээх их зүйл аваагүй учраас яг хэлж мэдэхгүй байна. Томоохон газрууд өгөх юмаа өгсөн. Дүнжингараваас нэг сая доллар, 500 мянган доллар ч гэдэг юмуу, өгч байгаа. Олимпоос өмнө өгөөд дуусгачих байх. Хүмүүс чадахгүй байж өгнө гэлээ ч гэдэг юмуу тийм яриа байсан. Гэхдээ тэр бол хэлсэн амандаа хүрдэг хүн.

-Мобикомоос алт мөнгөн дугаарууд өгч байсан. Барьдаг уу? Та нарын нэг нь дугаараа үнэ хаялцуулж хүүхдийн эмчилгээний зардал болгосон гэж байсан?

-Барьдаг. Мобиком л тамирчдаараа пи-ар хийсэн. 9902-той алтан дугаарыг ч юмуу худалдаанд гаргасан. Тэрнээс биш  өөрийнх нь дугаарыг зараагүй л дээ. Мобикомоос зохион байгуулж байгаа хүүхдүүдэд тусалъя гэсэн үүднээс олимпийн тамирчдынхаа нэр хүндийг ашигласан тийм зүйл болсон.

-Олон нийтийн арга хэмжээнд хэр оролцож байна вэ? Нэг хэсэг ярилцлага өгөхгүй их гүрийсэн?

-Оролцох юмандаа оролцоно. Ярилцлага нээх өгөөд байдаггүй.

-Өмнө нь Гүндэгмаа дээр яригдаж байсан л даа. Төрөөс халамж, анхаарал бага байгаад гадаадын тамирчин болох олон санал ирдэг . Одоо тийм зүйл харьцангуй багассан гэж ? Ер нь Сэрдамбад боксоор хичээллэж эхэлснээс хойш, дэлхийд монголын нэрийг гаргаснаас хойш тийм санал ирж байсан уу?

-Тийм санал ирж байгаагүй. Зүгээр мэргэжлийн бокс руу орох уу гэсэн санал ирж байсан. Энэ дээр татгалзсан. Мэргэжлийн бокс тоглох сонирхол байхгүй л дээ.

- Бадар-Ууган та хоёр олимпийн дараа аав болж байсан?

-Бадар-Ууган хоёр охин, нэг хүүтэй, би  нэг охинтой. Эхнэр маань охиноо хараад байж байгаа.

-Олимпид явах багийг хэн ахлаж байгаа  вэ

- Багш нь л ахлаад удирдаад аваад явна. Би олимпийн боксийн холбооны тамирчдын зөвлөлийн  ахлах гэж явдаг. Түүнээс би тамирчдаа удирдаад явна гэсэн юм байхгүй.

-Бээжингийн олимпид амжилт гаргасан нь ойролцоо газар нутаг, бас цаг агаар ч гэдэг юмуу нөлөө байсан гэдэг.  Лондонгийн олимпид хэр байх бол?

-Наана цагийн зөрүүгээ гаргаад  бэлтгэл сургуулилтаа хийвэл гайгүй байлгүй дээ. Лондонгийн тэнгэрт монголынхоо тугийг мандуулах байхаа. Ер нь бол тийм ийм медаль авна гэж хэлээд яахав. Гэхдээ зорилго бол мэдээж медалийнхаа өнгийг хувиргаад ирэх зорилготой байгаа. Алтан медаль авчрахын төлөө хичээж байна.

-Бэлтгэлийнхээ хажуугаар цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Олимпийн тэнгэрт монголын тугийг мандуулаад ирээрэй?

-Баярлалаа.