АН бидний хувь заяаг хэнтэй хамтран атгах бол...
Монголчууд бид ирэх дөрвөн жилд ямар төрөөр удирдуулахаа, зургаа дахь
парламентын өнгө төрх ямар байхыг ардчилсан сонгуулийн үр дүнгээр
тодорхойлчихлоо. 22 настай Ардчилсан намыг түүхэндээ хоёр дахь удаагаа
ялалт байгуулах боломжийг ард түмэн энэ удаад тэдэнд олгов. Хөх
Монголоор овоглосон, омогшдог хэн бүхэн энэ улсдаа эзэн сууж, цээж
тэнэгэр, хараа дээгүүр амьдрахыг хүссэн эцсийн найдлага нь зөвхөн АН
байсан болохыг захын иргэн хэлж байгаа юм.
Харин АН ялалт байгуулж, нийслэлийг төдийгүй улс орныг бүхэлд нь шахам
“цэнхэртүүлж” чадсан ч засгийн эрхийг дангаараа барих эрх тэдэнд
олдсонгүй. Харамсалтай. МАН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэн тэдний
араас барианы зурхайд орж ирлээ. 39-өөс дээш суудал авсан нам нь
Засгийн газраа дангаараа байгуулах эрхтэйгээр хуульчлагдсан учраас
эвслийн Засгийн газар байгуулагдах нь нэгэнт тодорхой болсон. Харин улс
төрийн намуудын хэн нь ч олонхи болж, 39-өөс дээш суудал авч чадаагүй нь
юуны учраас вэ гэдгээ дор бүрнээ тунгааж байгаа биз.
Төрийн эрх барих дөрөвхөн жилийн хугацаанд нэр усаа солихоос эхлэн
“косметик” хагалгаанд орж зүсээ хувиргасныгаа ардын засаг гэж нэрлэсэн
нь МАН. Амлалтаас амлалтын хооронд төрийн мөнгийг үрж, татвар төлөгч
бидний нуруун дээрх ачааг хүндрүүлж байсныгаа их бүтээн байгуулалт
хийсэн мэтээр ярих нь энүүхэнд. Үүнийгээ ёолохыг нь би, үүрэхийг нь чи
гэдгийн үлгэрээр ажилласан хэмээн дөвчигнөдөг МАН-ынхан бол бүр ихийг
бодож тунгаах цаг нь иржээ. Бусдын амжилтыг үгүйсгэж, ялагдлаас зугтахыг
оролдох хэрэг тэдэнд байна уу даа. “МАН нэрээ сольсноос болж, сонгуульд
ялагдал хүлээвэл хариуцлагыг нь хар толгойгоороо үүрнэ” хэмээн ханцуй
шамлан бардам хэлж байсан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
У.Хүрэлсүхийн “хар толгой”-д өнөөдөр юу эс бодогдож байгаа бол. Өнөөдөр
гадуур олон хүн “Энэ У.Хүрэлсүхийн махан толгой ямар үнэтэй юм бэ?”. Нам
ялагдуулж олон мянган хүний ажил, амьдралаар тоглож байгаагаар үнэлбэл
юу болох вэ.
Бодохоос ч аймаар. “Би хариуцлагыг хүлээнэ гэж хэлж чаддаг олон албан
тушаалтан байгаасай” гэсэн шийртэй үгсийг хэлж байсан нь өнөөдөр хүртэл
шарлаж амжаагүй хэвлэлийн хуудаснаа цагаан дээр хараар бичигдэж үлдсэн
байгаа болохоор одоо түүнээс иргэд юу хүлээж байгааг энд тэмдэглэх хэрэг
юун. Хэлсэн амандаа эзэн сууж, хариуцлагаа хүлээхийг хүсч байгаа бол
УИХ-ын гишүүнийхээ суудлыг ард түмэнд буцаагаад өгчихөд болохгүй нь юу
байхав дээ. Түүнчлэн улс төрийн ноён нуруу гэхээсээ илүү эдийн засгийн
үсрэнгүй хөгжил ярьж, ядуурал буурлаа хэмээн олон түмний өмнө өндөр гэгч
дуугаар нүд цавчихгүй хэлж байсан гүйцэтгэх засаглалын тэргүүн, МАН-ын
даргад “баян” монголчуудын сонголт хэлсэн үгнийх нь үнэн худлыг дэнслээд
өгч байгаа байлгүй дээ. Эсвэл ард түмэн хэтэрхий баяжчихаад мөнгөнөөс
залхсандаа ийм сонголтыг хийж байгаа байх л даа гээд хэлчихвэл хэтэрхий
ёжилж ам асууж байгаа мэт сонсогдох болов уу. Эцэст нь МАН-ын өнөөдрийн
удирдлагуудын алхам тутамдаа амаа асуулгаж байгаа энэхүү үйлдлүүдийн
эзэн хэн бэ? С.Баяр намынхаа гал тогооноос зайгаа барьснаас болж байна
хэмээн оношлох хүн олон байна. Өөрөөр хэлбэл, намд бодлого дутагдаж
байна гэсэн үг. 2008 оны сонгуулиар парламентын танхимын хаалгыг
45-уулаа татаж орчихоод гарахдаа 40 хүрэхтэй үгүйтэй болгож хаасныг
бодлого гэж хэлэх хүн ховор. Нэрээ сольж, зүсээ хувиргасных нь шан энэ
гэх ажиглагч цөөнгүй. Дээрээс нь Ардын бус олигархиудын нам хэмээх
нэрийг өрх тусгаарлаж явсан журмын нөхөд нь тэдэнд хайрлачихаад хаалгыг
нь хаасан.
Нэр усаа сольсныг луйвар хэмээн үзэж гэдсэндээ хөлөө жийлцэн байж
шударга ёсоор уриа лоозон хийн өрх тусгаарласан нь МАХН. Хэсэг
нөхдийнхөө хэрэггүй гээд орхисон X үсгийг авч улс төрийн үйл
ажиллагаагаа үргэлжлүүлснийх нь шагнал гэхээсээ илүү Н.Энхбаярын дээрэм
хийж, төрийн мөнгө идсэн хэмээн шүүхийн хаалганы өмнө дуудагдсан атлаа
бариулаас нь аятайхан татаад орчихож чадалгүй, нэр хүндээ шороотой
хутгаж хөлөөрөө толгой, толгойгоороо хөл хийснийх нь шагналыг нэг хэсэг
дагалдагч нар нь хүртлээ. Нэг ёсондоо Монголын ард түмний эрх ашгийн
төлөө гэхээсээ илүү Н.Энхбаярын гарт буй утаснаас зүүгдээстэй “утсан
хүүхэлдэйнүүд” ирэх парламентад жинхэнэ улс төрийн солиорол бий болгож
тоглоно биз. Тийм л учраас сонгуульд олонхи болж, төрийн эрх барих
хариуцлагатай үүргийг авсан АН-д Сү.Батболдын нэрийн жагсаалтын араас
хөврөх “О” овогтнууд уу, Н.Энхбаярын утаснаас зүүгдээстэй хүүхэлдэйнүүд
үү гэсэн хэцүүхэн сонголт тулгараад байгаа юм. Хэрэв АН МАХН-ыг сонгож,
засаг байгуулбал МАН сөрөг хүчин гэж юу байдгийг ирэх дөрвөн жилд үзүүлж
өгөхөөр бэлтгэж байгаа юм байх. Харин энэ завсар МАН, МАХН нэгдэж засаг
барина байх гэсэн мэдээлэл хэвлэлүүдээр гарсан нь оргүй хардалт биш
бололтой.
Тэд нэгдэхийг хүссэн ч МҮАН-ынхан AH-тай нэгдэхийг илүүд үзэж байгаа
гэнэ. Гэхдээ хуульд олонхи болсон нам нэг хүнээр илүү байсан ч бусадтай
хамтрах тухай заасныг сануулахад илүүдэхгүй биз. МАХН, МҮАН эвслийнхэн
дунд ч гэсэн яс, цус, удам угсаагаа санагалзсан зөрчлүүд мэр сэр бий
болж. МАН-ын угшилтай хэсэг нөхөд “нутаг буцах” тухай аль хэдийнэ яриад
эхэлсэн байна лээ. Ийнхүү зуузай холбож шахуу барианы зурхайд орж ирсэн
намуудын дунд өөрсдөө хүсээгүй ч гарцаагүй хийх шаардлагатай сонголтын
гурвалжин үүсээд байна. Хэрхэн, хэнтэй хамтрахаас АН-ын тэр тусмаа
Монгол орны хувь заяа шалтгаална. МАН сөрөг хүчин байхдаа дөрвөн Засгийн
газрыг огцруулж байсан гашуун түүхийг хэн ч мартаагүй байна. Одоо
тэдэнд тийм хүч бас байсаар.
Б.Даваа